(Алга ташилт) За та бүхэн "Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?" гэсэн асуултыг миний илтгэлийн эхний хэсэг дуусан дуустал дотроо бодоод, тунгаагаад үзээрэй. Миний илтгэл ерөнхийдөө хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг дээрээ би Болороо гэдэг бие хүн болохын тулд өнөөг хүртэл энэ тайзан дээрээс та бүхэнтэй уулзахын тулд ямар ямар саад тотгорыг туулж байж энэ өнөөдөр энэ тайзан дээр зогсох вэ? гэдэг тухайгаа ярина. Дараагийн хэсэг дээрээ би хөгжлийн бэрхшээл гэдэг хүмүүсийн ерөнхий ойлголтыг аль болох өөр зүг рүү чиглүүлэхийг оролдсон ийм илтгэлийг бэлдэж ирсэн. Би таван нас хүртлээ байнгын хүний асаргаанд, 100% бараг 200% хүний асаргаанд байсан. Саажилт гэдэг өвчний онцлог нь өөрөө оюун ухаан нь хөдөлгөөнөө захирч чаддаггүй тийм өвчнийг саажилт гэж хэлдэг. Хэчнээн би гараа өргөе гэж хүссэн ч гэсэн миний гар хүслээр минь өргөгддөггүй тэр өвчнийг саажилт гэж хэлдэг. Ээж маань амьдралдаа нэг л удаа, эмэгтэй хүнийхээ хувьд эх хүн болж төрсөн. Гэсэн хэдий ч, яахав, азгүй тохиолдлоор нэг хүүхдээ алдаад, нөгөө хүүхдээ эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж тархины саажилт гэсэн ийм өвчтэй болгосон. Гэхдээ ээж маань хэзээ ч энэ яваа насандаа амьдралд өвдөг сөхөрч, бууж өгч үзээгүй ийм баатарлаг эмэгтэй байдаг. (Алга ташилт) Би сүүлийн үед өөрийгөө энд тэнд очоод сургагч багшийнхаа шугмаар энэ хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголт хандлагыг өгөх гээд явж байхдаа Буянжаргалын Болороо гэж дуудуулах аягүй дуртай. Яагаад гэвэл би 200% энэ хүний бүтээл. Энэ хүн миний төлөө бүх зүйлээ зориулсан учраас би энэ хүний нэрийг аль болох сайнаар гаргаж явахыг хүсдэг. Тэгээд 5 нас хүртлээ Болороо гэдэг хүний нийгмийн амьдрал ерөнхийдөө гадаанаа гудас дэвсээд хэвтдэг, гадаа тоглож байгаа хүүхдүүдийг хараад "Ямар гоё юм бэ? Би ч гэсэн эд нар шиг ингэж тоглож наадаад, найз нөхөдтэй болоод сургуульд сурах юмсан" гэж хүсэж, мөрөөддөг байсан. Ээж маань бол тухайн үедээ яг л тийм мөрөөдлийг өөрт минь бий болгохын тулд "Хамаагүй, гадаа гаргаад л хэвтүүлье" гээд гаргаж хэвтүүлдэг байсан байна лээ. "Яагаад гадаа байгаа хүүхдүүдийг шууд хардаг вэ?" гэхээр би өөрөө нийтийн байранд амьдардаг байсан учраас хүмүүс ажилдаа ирж очиж байгаа, тарж ирж байгаа, хүүхдүүдийн хичээлдээ явж байгаа гээд бүх л дүр зургийг би хардаг байсан. Тэгээд аз болоход миний хувьд одоо өөрөө ийм "сонирхууч" сониучхан зантай. Тэгээд ээж маань өдөр болгон ном уншдаг ном унших дуртай хүн байсан. Тэгээд миний хоёр гарыг зөөллөх массаж хийнгээ, намайг өвөр дээрээ авч суухдаа ном унших дуртай байсан. Тэгээд би тэр болгонд нь ээжээсээ "Энэ ямар үсэг вэ?" гэж өдөр болгон нэг нэгээр нь үсгүүдийг асуусаар байгаад 5 настай гэхдээ ерөнхийдөө өөрөө уншаад сурчихсан. За 100 дотор чөлөөтэй нэмж хасаад, бодоод сурчихсан байсан. Тэгээд мэдээж хүн даварна. Хэчнээн нөгөө нэг босож сууж чадахгүй байгаа ч гэсэн ээжээсээ "Сургуульд оруулаад өгөөч ээ" гэж гуйсан. Тэгсэн чинь ээж маань "Миний охин жаахан бодитой бай. Хоёулаа бодитоор харъя. Одоо чи дөнгөж нялх хүүхэд шиг хөнжлөнд ороолгож суулгаж байна. Чи суухаа байг, явахаа байг ээ. Миний охин хоёр гар чинь хоёулаа ингээд ардаа гарчихдаг юм чинь яаж миний охин сургуульд сурах юм бэ? Хамгийн наад зах нь сургуульд сурахад балаа барьж бичих чадвартай байх хэрэгтэй" гэж хэлсэн. "Чамайг бал барьж бичиж чадахгүй зүгээр л сургуульд оруулъя гээд аваачаад өгөхөд багш нар татгалзахгүй байх. Гэхдээ чи зүгээр л сурсан нэр зүүж явна" гэж хэлсэн. Тэгээд би бүхэл бүтэн 4 жилийн хугацааг би бал барьж сурахад зарцуулсан. Хүмүүс одоо надаас саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүд асуудаг: "Бал барьж сургамаар байна аа. Манай хүүхэд бал барьж чаддаггүй ээ" гээд. Тэгээд би бол 4 жилийн хугацаа зарцуулсан. "Та нар ийм тэвчээр гаргаж чадах уу?" гэж хэлэхээр тооноос нь сүрдээд "За больё больё" гэж хэлдэг. Тухайн үед, миний нөхцөл байдалд одоогийн бид нарт байгаа шиг ухаалаг утас, компьютер гэх зэрэг зүйлүүд бол байгаагүй учраас заавал бал барьж сурах нь энгийн алтан дүрэм байсан. Тэгээд би тэр үед өөрөө ингээд хичээгээд бал барьж сураагүй байсан бол миний дараа дараагийн алхмууд надад нээлттэй болж чадахгүй байсан. Дээрээс нь би хэчнээн явж чадахгүй, эхний хоёр жилдээ би ахаараа үүрүүлээд сургуульдаа очиж, манай ах маань надтай цуг сууж хичээлийг минь гаргаж өгч дэвтэр дээр минь дарж байгаад би өөрөө бичих үүрэгтэй тэгж сурдаг байсан. Эхний нэг жил би бол гараа урдаа гаргахын тулд хичээллэсэн. Энэ хүчтэй гарыг урдаа гарган, хүчээр татаж гаргана гэдэг бол маш их өвдөлт, маш их хөлс хүч шаардсан. Тэгээд дараа дараагийн жилдээ балаа барина, барьсан чигээрээ гараа уяагаар боож уяна. Тэгээд тэр болгонд нь дэвтэр дээрээ чиглүүлж тавина. Аажмаар цэг таслал, зураас гэх мэтийн зүйлүүдийг бичиж сурах гээд маш их ажиллагаа шаардсан. Энэ бал барьж сурсан энэ явдлыгаа бол би өөр өөрийгөө ялан дийлсэн эхний оролдого гэж үздэг. Энэ үед би... (Алга ташилт) бал барьж сураагүй байсан бол энгийн хүүхдүүдтэй сурах нь, сураад цаашдаа тэд нараас илүү гарах боломж бололцоо бол надад олдохгүй байсан байх гэж боддог. Би тэгээд сургуульд орсныхоо дараа бол тооны сонгонтой ангид орсон. Тэгээд энгийн хүүхдүүдтэй суралцахад бол бичих чадвар маш өндөр түвшинд байсан болохоор надад бол асуудал байгаагүй. Тэгээд өдөрт энгийн хүүхдүүд өдөрт 8 цаг унтаад, 4 цаг хичээлээ хийдэг бол би яг тэд нарын эсрэг 4 цаг унтаж, 8 цаг хичээлээ хийх ёстой. Би тэд нараас 2 дахин илүү хүч, хөлс гаргаж байж амжилт гаргах болно. Ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд би хичээх ёстой гэсэн тийм хатуу шаардлагыг тавьж сурдаг байсан. Тэгээд ерөнхийдөө бол аягүй тийм идэвхтэй. Өглөө 7 өнгөрөөж сургуульдаа очоод, орой 8,9 гэж гэртээ ирнэ. Өдөржингөө ямар л сонгон явагдана. Бүгдэд нь суудаг. Тэгээд 6-р ангид нөгөө гадны сургуулиас манай сургууль дээр англи хэл, компьютерийн сургалт гэж ирсэн. Тэгээд тухайн үед бол өөрийгөө хөгжүүлдэг мундаг баатар болоод хоёуланд нь очоод бүртгүүлсэн. 2004 он гэдэг бол жинхэнэ нөгөө компьютер гэдэг зүйл хэрэглээнд орж эхэлж байсан үе. Тэгээд англи хэлний маань багш миний бичгийн хэвийг голсон. Гэтэл компьютерийн маань багш надад хэлэхгүй мөртлөө манай багш нарыг загнаад зогсож байсан. Тэгээд би тэрийг яг нүдээрээ харж, чихээрээ сонссон. Юу гэж байсан гэсэн чинь: "Та нар хар л даа, маусаа ч барьж чадахгүй байгаа ийм хүүхдийг. салганаад энэ чинь маусаа ч барьж чадахгүй байна. Keyboard-н дээрээ ч гараа олигтойхон тавьж чадахгүй байна шдээ. Та нар энэнийхээ оронд нэг ч гэсэн эрүүл хүүхэд аваад сургасан бол танай сургуульд л аштай байсан юм даа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дэмжиж болно. Гэхдээ бодитой, боломжтой зүйл дээр нь дэмжих хэрэгтэй" гэж хэлж байгааг нь би харсан. Тэгээд тухайн үед би өөрийгөө бүр маш их голж байсан. "Нээрээ би чинь хөгжлийн бэрхшээлтэй шдээ" гээд л Тэгсэн ч гэсэн би тэр зүйлд бууж өгөх юм бол ирээдүйн ажил амьдрал маань ямар ч утгагүй болох байсан. Яагаад гэхээр би мэдээж бусадтай адилхан, гараараа юм хийх аль эсвэл биеийн хүчний ажил хийх чадвар байхгүй. Зөвхөн толгойгоо ажиллуулах, компьютер дээр ажиллах ийм л хоёр зүйл бол надад нээлттэй байсан. Тэгээд би тэр 2004 оны зуны 3 сарыг бол тэр компьютер дээр ажиллаж сурах гэдэг зүйлд зарцуулсан. "Яаж би дасгал хийсэн бэ?" гэхээр, мэдээж тэр үед компьютер авах боломж байхгүй байсан учраас маусны оронд чулуу юм уу мод юм уу орлуулж тавьж байгаад хамгийн гол нь "Би гараа ямар байрлалаар байлгавал тэр маусыг би гараа салагнахгүйгээр хүрэхийг хүссэн газраа чөлөөтэй хүрээд, онохыг хүссэн зүйлээ онож чаддаг болох вэ?" гэж сургуулилт хийсэн. Дээрээс нь би keyboard-ний тэр бүх үсэг, зураас, таслал, цэг бүрийг нь бичгийн цаасан дээр бичүүлж байгаад нүдэлж авч байсан. Дараа жил нь би 7-р ангид ороод хавар нь дахиад тэр сургалтанд хамрагдаад, хичнээн нэг гараараа шивдэг байсан ч гэсэн. Хоёр гараараа шивдэг хүүхдүүдээс хавьгүй илүү хурдан бичээд сурсан байсан. (Алга ташилт) Англи хэлний хувьд гэх юм бол "Би заавал бусдаас тусламж дэмжлэг авах гээд байх шаардлага байхгүй, Өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж байгаа" гэж бодоод, тухайн үед дөнгөж англи хэл орж эхэлж байсан учраас дэвтэр нээж шинэ үг бичиж аваад, өдөрт л, өглөө нь хичээлдээ явахаасаа 20 минутын өмнө босоод 10 үг цээжлээд л, тэр 10 үгээрээ өдөрт нь өгүүлбэр зохиох жишээний тэгж өөрөө өөрийгөө хөгжүүлдэг болсон. Тэгээд хамгийн гол нь компьютер дээр сууж чаднаа гэдэг маань одоогийн миний Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэргэжилтэн хийгээд явж байгаа, энэ нийгмийн байр сууринд бол аваачиж чадсан байх. Тийм учраас би компьютер дээр ажиллаж сурсан энэ явдлыгаа бол өөрийгөө ялан дийлсэн хоёр дахь оролдлого гэж үздэг. (Алга ташилт) Ингэж явсаар 9-р ангидаа би илтгэлийн тэмцээнд орсон. Юм юманд л үсчиж харайж, гүйж давхиж, явдаг. Шүлгийн тэмцээн, илтгэлийн тэмцээн хамаагүй, тэгээд л өөрийгөө голохгүй аваачаад л бүртгүүлчдэг. Тэгээд илтгэлийн тэмцээнд орсон чинь нөгөө урьд нь би чинь зөвхөн ингээд л, нэг багшийн хажууд очоод л хичээлээ, уншсан хичээлээ ойлгосноо яриад л асуугддаг байсан чинь олон хүний өмнө гараад л ингээд л илтгэл тавьсан чинь яг нөгөө саажилт гэдэг өвчнийхөө онцлогыг би анх удаа аягүй ихээр мэдэрсэн. "Яасан?" гэсэн чинь, энэ саажилт гэдэг өвчин чинь сандрахаараа өөрийнхөө хөдөлгөөнийг захирч чадахаа больдог Яагаад гэвэл угийн шинж төрх нь, оюун ухаан нь хөдөлгөөнөө захирч чаддаггүй гэдэг шинж тэмдэг илрээд, дээрээс нь амьсгалаа зөв хуваарилж чаддаггүй, хөлс нь бүүр мэдээгүй гоождог тийм шинж чанар илэрдэг. Тэгээд би яг тэр үед тийм байдалтай илтгэл тавьсан чинь хүмүүс нөгөө, миний илүү хөдөлгөөнд анхаарлаа хандуулаад, ярьж байгаа зүйлийг минь ойлгож хүлээж авч байгаа хүн бараг байгаагүй. Тэгээд яахав тэр үедээ тэгээд өнгөрсөн. Асуудлаа шийдэж чадахгүй байсаар дунд сургуулиа төгссөн. Тэгээд онц төгсөөд, МУИС-д бол улс төр судлаач, нийгмийн багшийн мэргэжлээр ээжээсээ зөрсөөр байгаад нийгмийн салбарт орсон. Тэгээд хамгийн инээдтэй нь, нийгмийн ангид орж байгаа хүн наад зах нь илтгэл тавьж чаддаг байх ёстой гэсэн энгийн дүрмийг би өөрөө ойлгоогүй байж байгаад гүйгээд орчихсон. Тэгсэн чинь "Оюутан болоод ямар дүр зураг байсан бэ?" гэсэн чинь, Эхний хоёр сар би хичээлүүддээ ерөөсөө оролцож чадаагүй. "Яагаад?" гэсэн чинь хичээл болгон илтгэлээр явагддаг. Тэгээд нөгөө "Яг 9-р ангидаа болж байсан шигээ юм болох вий дээ" гэж бодоод "За за угаасаа л хүмүүс миний ярьж байгааг сонсохгүй юм чинь" гэж бодоод л, хичээлдээ оролцдоггүй байсан. Тэгсэн ээж маань бол тухайн үед өглөө нь хүргэж өгчихөөд, өдрийн хэдэн паартай байсан ч хамаагүй хүлээж байгаад л тарахаар нь аваад явдаг тийм байдалтай байсан. Тэгсэн ээж, тараад явж байсан чинь ээж маань мэлмэртлээ уйлаад "Миний охин сургуулиасаа гарах уу?" гээд тэгж байна. "Үгүй ээ ээжээ. Яасан бэ? Би зүгээр яваад л байгаа шдээ" гээд тэгсэн чинь, "Сая танай ангийн чинь хүүхэд чиний ард ирж сууснаа, "Өө ядаргаатай тэнэг мангар юм чинь урд ирээд суучих юм, сэжгийн юм" гэчихээд босоод явчихлаа. Хэрвээ чамтай хамт 2 сар сураагүй, өөр ангийн чинь хүүхдүүд байсан бол ээж нь юм бодохгүй. Гэтэл хоёрын 2 сар сурсан ангийн чинь хүүхэд чамд ингэж хэлж байна" гээд ээж маань бүр мэлмэртлээ уйлж байсан. "Тэгээд дээрээс нь миний охин арван жилд сурж байсан шигээ тийм цог жавхаатай сурахгүй байна шдээ. Үнэхээрийн хүсэхгүй, хичээхгүй бол заавал сурах гээд яах юм бэ?" гэсэн. Би тэр үед өөрөөсөө болоод ээжийнхээ нулимсыг үзэж байгаадаа үнэхээрийн өөртөө гутраад, өөрийгөө маш их голж байсан. Тэгээд би тэр оройноос нь эхлээд би "Маргаашнаас ер нь хичээлдээ идэвхтэй оролцоно. Хүмүүс намайг юу гэж л хэлвэл хэлэг. Хамгийн гол нь, би энэ хүртэл явж ирэхдээ өчнөөн олон саад тотгорыг давж гарч чадсан юм чинь энэ бол юу ч биш" гэсэн ойлголтоор би хандсан. Тэгээд мэдээж тухайн үедээ бол, гэрийнхнийхээ өмнө гарж хичээлээ ярьж үзэх, толинд харж дасгал хийх, хамгийн гол нь, "Гараа ямар байрлалтай байлгавал би илтгэлийг сандрахгүйгээр ярих байна? сандарсан ч гэсэн миний гар яаж надад удирдагдаж байна?" гэж дасгал хийсэн. Тэгээд яг тэр сурсан хөдөлгөөнөөрөө өнөөдөр би та бүхний өмнө ярьж байна. Хоёр гараа ардаа аваад (Алга ташилт) Хэрвээ энэ хоёр гарыг урдаа гаргаад ярих юм бол миний гар хаа хамаагүй хөдөлнө. Тэгэхээр миний ярьж байгаа юм та нарын оюун ухаанд хүрч чадахгүй гэсэн үг. Тэгээд энэ илтгэл тавьж сурсан явдлыгаа бол би өөрийгөө ялан дийлсэн 3 дахь тохиолдол гэж үздэг. Хэрвээ би тэр үед, "Өөрчлөлтийг хийе" гэж мэрийгээгүй бол өнөөдөр та бүхний өмнө илтгэл тавиад зогсож байх хэмжээний Болороо гэдэг хүн бол байхгүй байх байсан. Ингэж явсаар, их сургуулиа бас л онц дүнтэй төгссөн. Би ер нь хүнд бууж өгөх аягүй дургүй. Болж л өгвөл үзэлцээд л байх дуртай. Тэгсээр байгаад л онц дүнтэй төгссөн. Тэгээд нэг л мундаг амьтан онц төгссөн дипломоо бариад л олон байгууллага болгоны үүдийг сахилаа. Очсон чинь нөгөө нэг, нийгмээс өгсөн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэн" гэдэг тодотгол дээрээс нь миний биеийн гадаад үзэмж болох салганасан хөдөлгөөн хоёр намайг эрүүл хүн шиг ажилтай, орлоготой явахад маш том саад болсон. Өөрөөр хэлэх юм бол, намайг ажилд авсан ажлын газар гэж нэг ч байгаагүй. Ингэж явсаар байгаад, 2015 оны 12 сард хөөрхөн охинтой болсон. (Алга ташилт) Мэдээж эх хүн болно гэдэг бол аягүй том аз жаргал. Үр хүүхдээсээ маш их аз жаргалыг мэдэрч байсан ч гэсэн, давхар надад маш их айдас төрсөн. "Би энэ хүүхдийг ажил хийж чадахгүй бол сарын 140 мянган төгрөгөөр элбэг дэлбэг амьдруулж чадах болов уу?" Өнөөдөр наад зах нь памперс нь хэд байгаа билээ? Наад захын, одоо тэр, хэрэглээнийх нь зүйл хэд байгаа билээ? Энэ мөнгө хаана нь ч хүрэлцэхгүй. Энэ хүүхэд над дээр жаргах гэж ирсэн болохоос биш, зовох гэж ирээгүй. Дээрээс нь, өдийг хүртэл миний төлөө явсан ээжийнхээ төлөө би ингээд гэртээ ингээд хадагдах байсан юм гэж үү?" гээд өөрийгөө бодоод, (Алга ташилт) Тэгээд 2016 оны 6 сард охиноо 6 сартай болонгуут нь би ажилд орохоор шулуудсан. Амьдрал маань өдрөөс өдөрт, миний нүдэн дээр дордож байсан учраас зайлшгүй би бол ажиллах шаардлага гарсан. Тухайн үед сонгуулийн үе таараад, бүх нэр дэвшигчидтэй уулзаад, учир байдлаа хэлээд нэг нь ч гэсэн надад тусламжийн гараа сунгах байх гэж бодооод би уулзсан. Гэтэл нэр дэвшигчдээс нэг ч хүн, намайг "хүн" гэдэг утгаар минь хараагүй. Хоёр хүн зэрэгцээд зогсож байхад, миний хажуу талын хүнтэй эхэлж мэндлээд, "За, сайн байна уу? Танд ямар асуудал байна? Би танд юугаар туслах уу? Юуг чинь шийдэж өгөх үү?" гэж хэлээд л явдаг. Би өөрөө нээх дуртай амьтан гүйж очоод л тэ? "Би тэр тэр сургуулийг тэгж төгссөн" гээд л очоод хамаг байдлаа хэлсэн тохиолдолд надтай харьцдаг. Тэгээд би тэр үед "Ер нь томоосоо жижиг хүртэл бүх хүмүүсийн хандлагыг өөрчлөхгүй л бол, "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол яг л хүн биш" гэдэг байдлаараа хандсан хэвээрээ байх юм байна" гэж бодсон. Тэгээд, тухайн үедээ өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж бодоод, "Яаж өөрчлөх вэ? Мэдээж хүмүүст мессэж өгөх ёстой. Мессэж өгөх гол талбар нь юу вэ?" гэж бодож байгаад "Надад бэлээхэн Фэйсбүүк гэдэг үнэгүй мэдээллийн хэрэгсэл байна." гээд Фэйсбүүкэд бичлэг оруулах санаа төрсөн. Тэгээд анхныхаа бичлэгийг 2016 оны 6 сарын 27нд оруулсан. Энэ маш олон хүнд хүрсэн. 521 мянган хүн үзэж 8700 хүн шэйрлэсэн. Манай дүү тоглоомоор тэгж байгаа юм: "Та хүүхдүүдийг нь бодоод үз. Интернетэд ордоггүй 0-5 насны хүүхдүүдээ бод. Интернет хэрэглэж мэддэггүй ахмад настнуудаа бод. Тэгээд бодохоор таны бичлэгийг чинь бараг хүн болгон үзчихсэн байгаа биз дээ?" гээд шоолж хэлж байсан. Нээрээ бодоод байхад бас нилээн массад хүрсэн. Тэгээд хамгийн гол нь, ерөнхийлөгчийн сонорт хүрч чадсан. Тэрнийхээ ачаар ч гэх үү, 2016 оны 9 сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэст мэргэжилтнээр орсон. Миний хариуцдаг асуудал бол, миний ойлголтоор бол хамгийн чухал асуудал. Олон нийтийн ойлголт хандлагыг хариуцсан мэргэжилтэн гэж явдаг. Тэр ч утгаараа одоо хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт хандлага өгсөн мэргэжилтэн хийгээд явж байгаа. Тэгээд энэ болтол явж ирэхэд Болороо гэдэг хүн ганцаараа байгаагүй. Миний ард маш олон хүн байсан. Хамт олон, найз нөхөд, гэр бүл, хань ижил, ах эгч гээд Гэхдээ энэ бүх хүмүүсийн урд, хамгийн найдвартай тэргүүн эгнээнд зогсдог байсан нэг хүн бол миний ээж. Ээж маань бол насныхаа, одоо энэ амьдралынхаа бүх зүйлийг надад зориулсан. Би бол ээжийгээ миний хувьд ид шидийг бүтээгч, жинхэнэ амьд бурхан юм аа гэж хардаг. Ээж маань надад маш хатуу шаардлага тавьдаг. "Яаж тавьдаг вэ?" гэхээр, 7 настай би дөнгөж зогсдог болсон. Тэгээд зогсдог болонгуут нь ээж шууд гаргаад намайг хүүхдүүдтэй тоглуулчихсан. Тэгээд л нэг гишгээд л бүдрээд унана. Өвдөгнөөс баахан цус нөж гоожоод л, гэртээ гүйгээд ороод ирнэ. Хүүхдүүд өргөөд л ороод ирнэ. Тэгэнгүүт ээж, "Эвий эвий" гэхийнхээ оронд цусыг нь арчаад буцаагаад гаргаад явуулдаг байсан. "Чи чулуун дээр ингэж явж сурч байж л тэнцвэрээ олно" гээд буцаагаад гаргадаг. "Ийм сайхан хүний үр, удам болохоор би одоо ингээд зогсож байгаа." гэсэн үгээр эхнийхээ хэсгээ өндөрлөе. За, миний илтгэлийн дараагийн хэсэг бол, "Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?" гэсэн ойлголтыг та бүхэнд чадан ядан, энгийнээр хүргэхийг зорьсон. Энэ бол би сургагч багшийнхаа хувьд маш олон хүнээс асуудаг. Тэгэхээр хүмүүс дандаа бие эрхтнийх нь бэрхшээлд тулгуурлаж хариулдаг байхгүй юу. Би саажилттай болохоороо хөгжлийн бэрхшээлтэй гэж та нарт танигдаж байгаа тэ? Гэтэл "Үгүй", энэ ойлголтыг бол аль хэлийнээ халчихсан. 2016 оны 2 сарын 5 өдөр батлагдсан, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай" хууль гэж байгаа. Энэ хуулин дээр бол "орчны бусад саад" гэсэн нэр томьёог оруулж өгсөн. Өмнө нь бол нийгмийн хамгааллын тухай хууль дээр бол "орчны бусад саад" гэдэг нэр томьёо ороогүй байсан. Тэгээд "Энийг юу гэж ойлгох уу?" гэхээр "Хувь хүний бие эрхтний бэрхшээлээсээ аль хэлийн гараад, нийгмийн асуудал болчихсон шүү. Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь тухайн хүний бие эрхтний бэрхшээлийг хэлдэггүй юм аа. Нийгэмд байгаа саад тотгорыг хэлж байгаа юм" гэсэн ийм санааг агуулсан хууль байсан. "Саад тотгор" гэхээр хүмүүс маш хүндээр ойлгодог байхгүй юу. Зүгээр л, энгийнээр хэлэхэд, хүний нийгэмд оролцож байгаа оролцоог нь хязгаарлаж байгаа зүйлийг л "саад тотгор" гэж хэлнэ. Бүгдээрээ энэ зурган дээр харъя л даа. Эхний зурган дээр энэ хүүхэд маш аз жаргалтай байгаа биз? "Гэхдээ энэ хүүхэд явж чадахгүй байна" гэж та нар харж байгаа. Хамаагүй. Энэ хүүхэд явж чадахгүй байсан ч гэсэн өөрийнхөө тэр явж чадахгүй байгаа асуудлыг тэргэнцэр дээрээ суугаад шийдчихсэн байна. Одоохондоо энэ хүүхдэд ямар ч саад тулгараагүй байна. Гэтэл хоёр дахь зургийг харцгаая. Өнөөдөр энэ зурган дээр харахад "шат" гэдэг саад тотгор гарч ирж байна. Энэ хүүхэд "шат" гэдэг зүйлтэй тулгарсан учраас царайны хувирал ийм уруу дорой буюу сэтгэлээр унасан байдалтай байгаа. Яагаад гэвэл энэ хүүхэд тэргэнцэртэй гэдгээрээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдэрдэггүй, саадтай тулгарснаараа "Өө би чинь нээрээ явж чадахгүй шдээ" гэдгээ мэдэрдэг байхгүй юу. Яг тэрэнтэй адилхан, надад хүмүүс стаканд ус хийгээд өгөх юм бол би тэрийг бариад ууж чадахгүй. Тэр үед, "Өө Болороо, би чинь нээрээ саажилттай шдээ" гээд тэр үед өөрийгөө бэрхшээлтэй гэдгээ санадаг. Бусад үед би өөрийгөө бэрхшээлтэй гэж ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. За тэгвэл одоо бүгдээрээ дараагийн зурган дээр харцгаая. Зүгээр энгийнээр тайлбарлахад, од гэдэг дүрсийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гээд харуулахад, "Бөөрөнхий амсартай энэ хайрцаг буюу нийгэмд хүнийг яаж оруулах вэ?" Бүгдээрээ гоё төсөөллөөрөө бодоцгооё. Хоёр аргаар бид оруулж болно. Одыг бөөрөнхий хэлбэртэй буюу хайрцагны амсарт нь тааруулж оруулах. Энэ тохиолдолд зөвхөн нэг хэлбэрийн дүрсүүд л тэр хайрцганд орно. Өөрөөр хэлэх юм бол та бүхэн намайг өдийд бараг боловсрол эзэмшээгүй, явж сураагүй бол та нар намайг "хүн" гэдэг утгаар нь харж чадах уу? Өнөөдрийн яг Монголын нийгэм бол эхний дүр зургийг л харуулж байгаа. Гэтэл дараагийн хайрцгийг яг байгаагаар нь оруулах буюу нийгмээ тэр чигээр нь томсгох, нийгмийн хүрээг томоор харах, бүх хүн нэг дор хамтран амьдрах энэ нийгмийг бол Япон улс бол цогцлоож чадсан. Япон улс энэ процессыг хийх явцдаа бол 40, 50 жилийг зарцуулсан. Гэтэл, Монгол Улсад өнөөдөр яг одоогийн байдлаар, бид нар эндээс гарахдаа ядаж нэг нэг хүний хандлагыг нь өөрчилж чадах юм бол бүгдээрээ энэ Япон орны 40, 50 жил хийсэн зүйлийг 10, 20 жилийн дотор хийх боломж байгаа. Хөгжлийн бэрхшээл гэдэг салбарт олон хууль батлах нь чухал биш ээ. Хамгийн гол нь олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нь л чухал байдаг юм. Тийм болохоор л хөгжлийн бэрхшээлтэй хүнийг "хүн" гэдэг утгаар нь хараад, хамтаараа бүгдээрээ амьдрах тийм нийгмийг бүтээхийн төлөө, өөрийнхөө эдэлж байгаа эрхийг бусаддаа нээж өгөхийн төлөө Та бэлэн үү? (Алга ташилт) Би бол бэлэн байна аа. (Алга ташилт) Баярлалаа. (Алга ташилт)