Тайваньд уран бичээчийн охин болж өссөн болохоор миний хамгийн нандин дурсамжуудын нэг бол миний ээжийн надад үзүүлдэг байсан хятад ханзны гоо үзэмж, хэлбэр дүрс. Тэр цагаас хойш би энэ гайхалтай хэлэнд дурласан. Гадны хүнд харин Цагаан Хэрэм шиг үл нэвтрэм санагддаг байх. Сүүлийн жилүүдэд би энэ ханыг эвдэж энэ нарийн учир утгатай хэлний гоо сайхныг хүссэн хүн бүрт ойлгож мэдрүүлэхийг оролдсон. Ингээд би хятад хэлийг сурах шинэлэг, хурдан аргыг хайж эхэлсэн. Би таван настайгаасаа эхлээд ханз болгоны зурлага нэг бүрийг хэрхэн зөв дарааллаар зурахыг заалгасан. Дараачийн 15 жилийн турш өдөр бүр шинэ ханз сурсаар байсан. Бидэнд одоо тавхан минут байгаа учраас илүү хурдан, амар арга ашиглах нь дээр байх. Хятад эрдэмтэн 20 000 орчим ханз мэднэ. Та 1000 ханз сурахад л бичиг үсэг тайлагдана. Хамгийн чухал 200 нь энгийн уран зохиолын 40 хувийг ойлгуулна. Эдгээр нь замын тэмдэг, хоолны цэс, цахим хуудас болон сонингийн гол утга санааг ойлгоход хангалттай. Өнөөдөр би найман ханзаар жишээ авч энэ аргыг тайлбарлая. Та нар бэлэн үү? Амаа дөрвөлжин болтол нь том ангай. "Ам" болно. Энэ бол алхаж байгаа хүн. "Хүн". Галны дүрс нь нэг хүн хоёр гараа өргөөд "Туслаарай! Би шатаж байна!" гэж хашгирч байгаа мэт. Энэ ханз анх галны хэлбэрээс үүсэн гарсан ч, би ингэж бодох илүү дуртай. Та аль дуртайгаараа цээжлээрэй. Энэ бол мод. "Мод". Энэ бол "уул". "Нар". "Сар". "Хаалга"-ны ханз өрнөдөд байдаг хаалга шиг харагдаж байна. Эдгээрийг би ханзны найман язгуур гэж нэрлэдэг. Тэд бол олон ханз зохиох үндэс суурь нь болдог. Хүн. Дахиад нэг хүн ард нь явж байвал "дагах". Хуучны зүйр үгт гардаг шиг хоёулаа бол хамтрагч, гурвуулаа бол "цугларалт". Хэрвээ хүн хоёр гараа урт сунгавал "ийм том" гэсэн утга илэрхийлнэ. Аман дотор хүн орвол, тэр хүн "занга"-нд орно. Яг л халиманд идүүлсэн Жона шиг. Нэг мод байна, харин хоёр мод нийлээд "модод". Гурван мод хамтдаа "ой мод" болно. Модны доор хөндлөн мод тавиад суурь үүснэ. Модон дээр ам зураад "тэнэг". Цээжлэхэд амархан, яагаад гэвэл ярьдаг модыг төсөөлөхөд тэнэг санагдах байх. Галыг санаж байна уу? Хоёр гал нийлэхээрээ "маш халуун". Гурван гал маш их "дөл". Хоёр модны доор гал асаахад "шатах". Бидний хувьд нар бол хөгжил цэцэглэлийн эх үүсвэр. Хоёр нар бол "хөгжин цэцэглэсэн". Гурвуулаа "гялалзана". Нар, сар хоёрыг хамтад нь гэрэлтүүлэхэд "гэрэл гэгээ". Энэ мөн маргааш буюу нэг өдөр, нэг шөнийн дараах өдөр. Нар тэнгэрийн хаяагаар мандаж байна, "нар мандах". Хаалга байна. Хаалган дотор зураас тавилаа, "хаалганы түгжээ". Хаалганы дотор ам зурлаа, "асуулт асуух". Тог тог. Хүн байна уу? Энэ хүн нууцаар хаалгаар гарч байна, "зугтах, зайлах". Зүүн талд нь "эмэгтэй" байна. Хоёр эмэгтэй хамтдаа "маргалдаж" байна. (Инээд) Гурван эмэгтэй хамтдаа байвал болгоомжлоорой, "завхайрал". Бид бараг 30 ханз үзчихлээ. Энэ аргаар суурь найман ханзнаас 32 өөр ханзыг бүтээж болно. Дараагийн найм нь дахиад 32-ыг бүтээнэ. Ингээд маш бага хүч зарцуулан хоёр зуу орчмыг сурна. Энэ нь найман настай хятад хүүхэдтэй адилхан гэсэн үг. Ханзнуудаа сурсны дараа нийлбэр үг зохиож эхэлнэ. Жишээ нь, уул, гал хоёр нийлж "галт уул" болно. Японыг бид мандаж буй нарны орон гэдгээр мэддэг. Энд нар газраас суурилсан байна. Учир нь Япон Хятадаас зүүн зүгт байрладаг. Тэгэхээр нар, суурь хоёр нийлээд "Япон" болно. Японы ард хүн бичээд юу болох вэ? "Япон хүн". Зүүн талд байгаа ханз бол давхарлуулж бичсэн хоёр "уул". Эртний Хятадад энэ "цөллөг" гэсэн утгатай, яагаад гэвэл Хятадын хаад улс төрийн дайснуудаа хэдэн уулын тэртээ цөллөгт явуулдаг байжээ. Харин өнөөдөр "гарах" гэсэн утгатай болсон. Хаагуур гарахыг хэлж байгаа ам бол "гарц". Энэ зураг надад яриагаа дуусгаж эндээс гарахыг сануулах үүрэгтэй. Баярлалаа. (Алга ташилт)