(Серб хэлээр) Та бүхэнд их баярлалаа. Намайг Ник Вуйчич гэдэг. Би 1982 онд Австралид төрсөн. 2006 онд Австралиас Калифорни руу нүүсэн. Миний амьдралын түүх гэвэл... YouTube-н бичлэгээс ч бай, хөл гаргүй залуугийн инээмсэглэж буй зурагнаас ч бай, миний амьдралыг ямар нэг хэмжээнд мэддэг бүх хүмүүст би талархаж явдаг. Хүмүүс надаас асуудаг юм: Чамд юу тохиолдоо вэ, тэр хүнд хэцүү бүхнийг яаж даван туулсан бэ гэж. Хүмүүсийн надад өгч байсан гол санаанд нэр өгвөл: "Ханыг хаалга болгох" байсан. Би хүмүүст яриа хийхдээ хэлэх дуртай нэг үг гэвэл "бэрхшээлийг боломж болгон хувиргах" юм. Одоо ч гэсэн би та бүхэнтэй энэ санааг хуваалцах гэж байна. Өнөөдөр дэлхий дээр тэрбум хүн өлсөж буйг би мэдэж байна. Энэ жил нэг сая хүн амиа хорлохыг би мэдэж байна. 40 хором тутам нэг хүн. Өнөөдөр 120 сая хүн боолчлогдож байгааг би мэдэж байна. Би зургаан боолтой биеэр уулзаж байлаа. Бизнесийн хувьд орой нь гэж болох тэрбумтнуудтай уулзаж учирч явлаа. Би банкны эзэдтэй ч, өнчин хүүхдүүдтэй ч уулзаж байсан. Бид бүгдээрээ ямар нэг юм хайж явдаг. Бид бүгд итгэл найдвар эрэлхийлдэг. Чи итгэл найдварыг зүгээр л олоод авчихгүй, төрөхөд чинь л хамт байж байна гэж үгүй. Үгүй дээ, бид зовлон дунд төрдөг. Бид зовлон дунд мэндэлж, хэцүү бэрхийг туулдаг. Энэ хорвоод бид яагаад ингэж төрснөө тэр бүр мэдэхгүй ч, бидэнд сонголт бий хэмээн эцэг эх минь надад байнга сургадаг байлаа. Байхгүй зүйлдаа уурлаж бухимдах уу, эс бөгөөс байгаа зүйлдээ талархах уу? Ийнхүү сонголт хийх явдал миний хамгийн эхэнд, ялангуяа сургуульд орсон эхний жилүүдэд шийдэх ёстой зүйл болсон. Олон хүүхэд над дээр ирээд тоглоом тохуу хийдэг байсан. Би 5 улсын конгресс дээр үг хэлж байлаа. Би дэлхийн янз бүрийн улс орны 7 ерөнхийлөгчтэй уулзсан. Дээд тал нь 110,000 хүнд илтгэл тавьж байсан. Яриа хийхийг хүссэн 30,000 урилга надад ирээд байна. Хаа ч явсан би амьдралын үнэ цэнийн тухай ярьдаг. Янз бүрийн улс орны сургууль дээр очихдоо дарамталж дээрэлхэхийн хор уршгийг ярьдаг. Хайр бол хамгийн агуу зүйл юм шүү. Бид хайраар дутагдаж, горьдлого найдвар тасрах тэр үед амьдрах хүчээ алдаж эхэлдэг. Хүүхэд насны минь амьдралд том хана боссон байлаа. Би дөрвөн хананы дунд хоригдож, итгэл найдварын гэгээ өчүүхэн үлдээд байв. Гэхдээ би тэндээс янз бүрийн замаар чөлөөлөгдөж өдрөөс өдөрт амьд мэнд тэсэж үлдсэн. Надад хайртай, намайг зоригжуулдаг, энэ байгаагаар минь үзэсгэлэнтэй гэж, бусад юу гэхийг бүү тоо гэж хэлдэг байсан эцэг эхийнхээ ачаар би амьд үлдсэн. Үнэндээ би Австралийн нийтийн боловсролын системд суралцаж байсан анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байлаа. Би 1990 "Оны шилдэг залуу" шагналыг гардаж авсан билээ. Хорвоо ертөнц хатуу, бидэнд итгэл найдвар хэрэгтэй. Бидэнд хайр хэрэгтэй. Итгэл найдвараа алдсан цагт бид яагаад энд байгаадаа эргэлздэг. Тийм ээ, дотор чинь үгүйрч хоосорно. Би өөрийнхийгөө хуваалцъя. Өнөөдөр би гар хөлгүй хэвээрээ л байна. Гэхдээ бүх юм орвонгоороо өөрчлөгдсөн. Бүх юм! Би хувьдаа итгэл найдвар, аз жаргалыг олон жил хайсан боловч юу ч олоогүй. Ширээний энэ хэсгийг миний итгэл найдвар гэж үзвэл үнэн намайг чадах бүхнээ хий гэж байлаа. Гэвч худал хуурмаг бидний нүдийг боодог. Өдөр бүр. Зарим хүмүүс бидний зоригийг мохоодог. Чиний хувьд хичнээн сайхан өдөр байлаа ч урам зоригийг чинь үгүй хийж, баяр баяслыг чинь сүйтгэх гэж санадаг тийм хүмүүстэй тааралдаж байсан биз? Эсвэл бүр ямар гайтай өдөр байсан ч улам л доош нь татдаг тийм хүмүүс? Миний юу яриад байгааг ойлгож байгаа биз дээ? Урмыг чинь хамгийн их хугалсан 3 зүйлийг бод доо. Эд нар чинь үнэндээ юу ч биш. Харин чи өөрөө. Зоригийг чинь мохоох хэдэн үг хэлэхэд надад гурван хором л хэрэгтэй. Тэгээд үүнийг чи насан туршдаа мартахгүй. Би 50 настай, 40 настай олон эмэгтэйтэй уулзаж байсан. Аав нь тэдэнд юу гэж хэлдэг байсныг, хэзээ ч битгий сонссон болоосой гэмээр үгсийг тэд санасаар л байдаг. Үг хүчтэй байдаг юм шүү. Ийм үг сонсохоороо оюун бодол чинь тэр худал үгэнд улам итгэж эхэлдэг. "Ник, чи тийм сайн биш, бууж өг, чамд хэзээ ч ажил олдохгүй", "Чамтай хэн ч гэрлэхгүй, чи эхнэрийнхээ гарыг ч атгаж чадахгүй шүү дээ." "Чиний аав болно гэж юу байсан юм бэ, хүүхдээ уйлахад тэвэрч аваад саатуулж чадахгүй биз дээ?" Чи орь ганцаараа. Мэдээж аав ээж чинь чамайг тэвэрнэ. Гэвч шархыг чинь аниулж дийлэхгүй. Зүгээр бууж өг! Бууж өг! Бууж өг! Би наймтай байхдаа амиа хорлохоор шийдсэн. Яагаад гэж үү? Учир нь надад ямар ч итгэл найдвар үлдээгүй. Би тэгэж л бодож байлаа. Өнөөдөр та бүхэн надад итгэл найдвар байсныг харж байгаа байх. Харахгүй байгаа зүйлдээ итгэхийг юу гэдэг вэ? Итгэл үнэмшил. Үг хүнд ямар их нөлөөлдөг гэж санана. Тэврэлт бол үгнээс ч илүүг мэдрүүлнэ. Харин тэврэлт яаж ч чадахгүй болсон үед, итгэл найдвар хэрэг болно. Миний хувьд үг, тэврэлт хангалттай биш байлаа. Харин надад итгэл найдвар байгаагүй. Тиймээс би бууж өгөх гэсэн юм. 10 настайдаа би 6 инч буюу 15 см гүнтэй усанд өөрийгөө живүүлэх гэж оролдсон. Бүр төрсөн гэртээ шүү! Би аавдаа жаахан амрах л гэсэн юм гэж хэлсэн. Гэхдээ би жинхэнээсээ амиа егүүтгэе гэж санасан. Хангалттай зовсон. (Серб хэлээр) Хангалттай! Эхний хоёр удаад би доошоо харж хэвтээд, амьсгалаа түгжиж уушги маань хэр их агаар хадгалж чадахыг тооцох гэж оролдсон. Гурав дахиа оролдох үед гэнэт эндэхийн юм бүхнийг орхиод одох хүсэл зурсхийв. Тэр их доромжлол бас эцэг эхдээ ачаа болж байгаагаа, өөр хүсч хүлээх юм үлдээгүй гэдгийг ойлгосон. Гэвч тэрхэн зуур хэрвээ би амиа хорловол аав ээждээ одоо байгаа дээр нь нэмээд улам л дарамт болох юм байна гэдгийг ухаарч билээ. Хөл гаргүй хүүхэдтэй байхаас илүү хэцүү, горьдлого тасалсан нэг зүйл байсан юм. Тэр юу вэ? Хөл гаргүй, дээр нь амьдралд бууж өгсөн хүүхэд. Хэрвээ би ингэх юм бол аав, ээж, дүү маань миний булшин дээр уйлж зогсоно доо гэсэн бодол амийг минь аварсан юм. Хэрвээ эцэг эх минь намайг энэ байгаагаараа сайхан гээгүй бол, намайг цор ганц, надад хайртай гэж хэзээ ч хэлж байгаагүй бол өдийд би энд зогсож байхгүйсэн. Тиймээс би эцэг эх болсон хүн бүрийг үр хүүхдээ чадах чинээгээрээ зоригжуулж бай гэмээр байна. Ялангуяа Барууны өсвөр насныхан хаалган дээрээ "бүү саад бол" гэсэн тэмдэг хаддаг. Эцэг эх, хүүхдийн хооронд өрнөдөг яриа хаа сайгүй нэг иймэрхүү л байдаг болов уу: "Хичээл ном сайн? - Дажгүй. Юу сурав даа - Юу ч сураагүй. - Даалгавраа хийсэн үү? - Үгүй." Өдөрт хоорондоо ийм л юм ярьдаг. Та хүүхэддээ хичнээн сайхан болохыг нь хэлэх гэхэд тэр өөдөөс чинь: "Мэдээж шүү дээ. Би таны хүүхэд юм чинь та ингэж хэлэх нь тодорхой" гэнэ. Тэдний ч зөв. Хүн нэг бүр үнэ цэнэтэй. Миний үнэ цэнийг яаж харагддагаар минь, ямар ажил хийдэг, ямар гарал угсаатай, хаана төрснөөр, хэр их мөнгө олдгоор тодорхойлж чадахгүй. Энэ бүхэн юу ч биш. Маш олон өсвөр насны хүүхдүүд бие биенээ гаднах төрхөөр нь шоолж байдаг. Би хүүхдүүдээс асуудаг л даа: "Би та нарын найз байх хэмжээний мундаг байна уу?" Тэд "Мэдээж, тэгэлгүй яахав" гэцгээдэг. "Би чинь хөл гаргүй шүү дээ" гэхээр "Энэ чинь огт хамаагүй" гэдэг. Тэгэхээр нь би "Үнэн үү? Миний хөл гаргүй байх ямар ч хамаагүй гэж үү?" гэхэд "Хамаагүй" гэдэг. Тэгээд би асуудаг: "Огт хамаагүй юм бол бид яагаад бие биенээ үгээр алж байдаг юм бэ? Нээрээ л огт падгүй юм бол?" Бид яагаад өөрсдийгөө толинд харахдаа сайн сайхныг бус мууг нь олж хардаг юм бэ? Би өнөөдөр та бүхнээс юу хайж буйг чинь асуумаар байна. Та нарт би тэрбум доллар өгвөл та нар аз жаргалтай болох уу? Хэрвээ та нар надад тэрбум доллар өгвөл би лав хагартлаа баярлана. Гэвч ээж минь өнөө шөнө нас барвал би аз жаргалтай байж чадах уу? Үгүй. Энэ дэлхийн бүх мөнгийг өгөөд ч би аз жаргалтай байж чадахгүй. Тийм биз дээ? Учир нь мөнгөөр сэтгэлийг анагааж болдоггүй юм. Маш олон хүүхдүүд хайр энэрлийг хүсч байдаг. Хайр эмтэрсэн сэтгэлийг бүтэн болгож анагаах чадалтай. Гэрлэлтийн өмнөх секс. Би гэрлэхээсээ өмнө зандан байсан. Тийм ээ, би хосгүй сайхан эхнэртэй. Анхны хүүг минь хэвлийдээ тээж байгаа. Түүнийхээ гараас атгах гар надад хэрэггүй. Зүрх сэтгэл маань л цуг байхад болно. Хүүгээ яаж тэврэх болж байна гэж үү? Олон хүүхэд над дээр ирээд, үнэхээр гайхалтай, хоёр гараа нуруундаа аваад хүзүүгээрээ намайг тэвэрдэг. Хичнээн шалдаа буусан байсан ч муу бүхнийг сайнаар эргүүлж болдогийг би ухаарсан. Бүр харин ч гайхалтай болгодог юм шүү. Маш олон хүүхэд хайр энэрлийг хайж байдаг. Тиймээс тэрийг ч хийж, энийг ч дуурайж гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд ордог. Миний бодлоор гэр бүлээс гадуурх секс бол 5 долларын үнэтэй Гуччи цаг. Гэрлэсэн хойноо, өөрт чинь хайртай, үлдсэн амьдралаа чамтай л өнгөрөөхөөр шийдсэн, хүүхдийн чинь эцэг эх болох тэр л хүнтэй унтана гэдэг чинь хайр биз дээ. Ер нь хичнээн л бол хичнээн хүнтэй унтаж болно л доо. Гэхдээ хайртайг эсэхийг нь яаж мэдэх юм бэ? Хайр гэдэг насан туршдаа биелүүлэх амлалт юм. Амьдралд өчнөөн сонголт бий. Та бүхэн юуг хайж явна гэж асуумаар байна. Алив мал болтлоо ууя л даа? Ганц л амьдрах хорвоо. Та ингэж бодож байгаа бол яахав болж л байна. Гэвч би бол шуналтай хүн. Би 90-хэн жил амьдармааргүй байна. Би хэдэн тэрбум жил амьдармаар байна. Миний хийх сонголт бүр энэ амьдралд минь, мөн бусдын амьдралд, үхэхэд үлдэх нэр төрд минь ч бас нөлөөлнө гэдгийг би ямагт санадаг. Та хэн гэдгээ, яагаад энд байгаагаа олж мэдэх хэрэгтэй. Уильям Баркли "Хүний амьдралын хамгийн гайхалтай хоёр өдөр бол нэг нь таны төрсөн өдөр, нөгөө нь яагаад гэдгийг нь ухаарсан өдөр" гэсэн. Тэгэхээр "Өө, чи ёстой матар" гэвэл "Худлаа, Би энэ байгаагаараа л сайхан" гэх хэрэгтэй. Чи өөрөө өөртөө л итгэх хэрэгтэй. Дэндүү олон охид найз залуудаа дарамтлуулсаар л байдаг. "Хэрвээ тэр надаас салчихвал өөр хэн намайг тоох вэ дээ?" гээд л. Харж байна уу, бид бүгдээрээ л хайрлуулахыг хүсдэг. Иймээс л бид тийм юм хийдэг. Олны дунд орохоороо хараал хэлнэ. Догь байх гэж хичээнэ. Хорвоо угаасаа ийм л юм чинь. "Би тэрэн шиг л болмоор байна. Арай өндөр, намхан, ухаалаг, алдартай." Юу ч хүссэн бай хэзээ ч санаанд чинь хүрэхгүй. Чин үнэнийг олох хүртэл. Би ийм гайхалтай байхаар заяагдсан. Надад агуу том зорилго бий. Би энд ямар нэгэн шалтгаанаар байна. Мэдээж надад ид шид тохиолдоогүй л дээ. Тийм ээ, гэхдээ би гайхамшгийг бүтээдэг бурхан бийд итгэдэг. Шүүгээндээ хос гутал хадгалсаар ч байгаа. Яагаад гэж үү? Учир нь би сохор хүн хараа орж, дүлий хүн юм сонсохыг харсан. Надад итгэхгүй бол тэр л биз. Харин би камерт бичээд авчихсан. Гэхдээ би нэг юмыг ухаарсан. Бурхан миний нөхцөл байдлыг өөрчилдөггүй юм гэхэд тэр миний амьдралаар дамжуулж хэн нэгэнд гайхамшгийг түгээх гэсэн байна. Танд ид шид тохиодоггүй юм гэхэд хэн нэгэнд та ид шидийг өгч чадна. Нэгэн сайхан түүхээр энэхүү яриагаа өндөрлөе. Би Өмнөд Калифорнид байлаа. Би хоёр байгууллага ажиллуулдаг. Нэг нь ашгийн бус, нөгөө нь ашгийн. Би 2007-2010 оны хооронд 600 удаа нисч, 1000 яриа хийсэн байх. Би 4.5 сая хүнтэй нүүр тулж ярилцаж үзсэн. Өнгөрсөн 48 цагийн дотор Сербэд бид 5 сая хүнтэй холбогдсон. Бусдыг хайрлах сэтгэл хүмүүст бий. Бид хүмүүсийг бие биенээ бас өөрсдийгөө хайрлаасай, ихийг мөрөөдөж, хэзээ ч бүү бууж өгөөсэй гэж хүсдэг. Бид бүгд итгэл найдварыг эрэлд гардаг, тийм биз дээ? Та юу хайж байна? Мөнгө, хар тамхи, секс, архи, порно, алдар нэр, эд баялаг. Энэ бүхэнд хэзээ ч сэтгэл ханахгүй. Хэзээ ч за боллоо гэхгүй. Харин би амар амгаланг олсон. Та бүхэн сонсоно уу? Би 5-6 жилийн өмнө 24-тэй байхдаа Калифорнид очсон юм. Тэр үед би өөр шигээ хэнтэй ч таарч байсангүй. 10 настай байхдаа би өөртэйгөө адилхан хэн нэгэнтэй уулзахыг хүсдэг байлаа. Гэвч тийм ид шид тохиогоогүй. Гэтэл 24-тэй байхдаа би Калифорнид нэг бяцхан хүүг харсан. Хөл гаргүй, 19 сартай, яг над шиг. Би түүнийг бусдад доромжлуулж, сэтгэл гутралд орж, ганцаардана гэдгийг мэдэж байлаа. Хэзээ ч найз охинтой болохгүй байх вий гэж санаа зовно гэдгийг мэдэж байсан. Ямар их бэрхшээл хүлээж байгаа гээч. Би аавыг нь хүүгээ аваад 2000 хүний өмнө тайзан дээр гарч ирэхийг хүссэн. Хүн бүр уйлж байлаа. Хэдий танд гайхамшиг тохиолдоогүй ч гэсэн та өөрөө хэн нэгэнд гайхамшгийг бэлэглэж болно. Би тийм супер баатар биш. Би унаж, босч л явлаа. Та ч бас ялгаагүй. Хэрвээ та өөрийгөө хэн гэдгээ, яагаад энд байгаагаа, энд байхгүй байлаа гэхэд юу болохыг олж мэдээгүй байгаа бол нэг өдөр цаг гаргаад бодоод үзээрэй. Би та бүхэнтэй бэрхшээлийг хэрхэн даван туулснаа хуваалцах л гэсэн. Одоо намайг тойрсон ямар ч хана алга. "Хязгаар үгүй амьдрал" нэртэй ном бичсэн. Болох ёстой юм болж л таараа. Би богино хэмжээний кинонд тоглож, 30 шагнал авсан. Богино хэмжээний киноны шилдэг жүжигчнээр тодорсон. Өөрөө би хөгжмийн бичлэг хийсэн. 2 ном бичсэн. Эхний ном маань 30 хэлээр орчуулагдаж, 800,000 хувь борлогдсон. Одоо би 29-тэй. Тэрбум хүн намайг хэн гэдгийг мэднэ. Би энд нэр төр, байр сууриараа бардамнах гэсэн юм биш ээ. Надад итгэ, би та нартай л адил. Би агууг мөрөөдөж чадаж байхад та нар ч бас чадна гэдгийг ухаарсан гэж найдъя. Хана гэж байдаггүй юм шүү. Амар амгалангаа ол, тэгвэл та ханыг хаалга болгоно. Баярлалаа. (Алга ташилт)