Би 19 нас хүрээд анх ажлын гараагаа Палестины Газын зурваст анхны эмэгтэй фото-сэтгүүлчээр эхлүүлсэн юм. Энэ нь орон нутгийн уламжлалыг эвдэж, иргэдийг доромжилсон мэт явдал болсон бөгөөд надад, миний гэр бүлд муу нэр зүүхэд хүргэсэн. Эцгийн эрхт ёс ноёрхсон тэр газар миний оршихуйг бүх талаар үгүйсгэж байлаа. Тэд эмэгтэйчүүдийг эрчүүдийн ажилд оролцох хэрэггүй гэж үздэг. Ийнхүү хүйсийн байдлаас болоод Газын фото агентлаг намайг ажилд авахаас татгалзсан. Хаана ч очсон "Үгүй"-тэй нүүр тулгарч байлаа. Мэргэжил нэгт гурван найз намайг чихэнд зөвхөн дэлбэрэлтийн дуу чимээ сонсогдох, агаарын дайралтад байнга өртөх болсон газарт авч ирлээ. Хаа сайгүй тоос боссон хөл доор чичирхийлсэн газар байсан. Тэр гурав хуягласан Жийп машинд буцаж суугаад, надруу гараа даллан инээлдэж, намайг орхин явах үед л би бид нар эндхийг сурвалжлах гэж ирээгүй болохыг ойлгож билээ. Би айсан, бас доромжлуулсан мэдрэмжийг мэдэрч, өөрийгөө зүхсэн. Тэдний хийсэн үйлдэл намайг үхэх аюулд хүргэсэн нь хамгийн аймар нь байлаа. Эмэгтэйчүүдийг ойлгох үзэл Газад бараг үгүй. Саяхныг хүртэл тэндхийн олон эмэгтэйчүүд ажил эрхлэх, боловсрол олох нь боломжгүй зүйл байсан. Энэхүү нийгмийн шахалт хавчлага болон Израйл-Палестины мөргөлдөөний үеэр эмэгтэйчүүдийн эрх ашиг улам бүдгэрсээр байлаа. Эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн энэ мэт түүхүүд ялих шалихгүй зүйл мэт болж хувирсан. Би Газа дахь эмэгтэйчүүдийн амьдралд анхаарлаа хандуулах болов. Би мэргэжил нэгтнүүдээсээ ганцхан хүйсээрээ ялгагдах учир тэдний хийх эрхгүй зарим зүйлийг хийх боломжтой байлаа. Бидэнд элдэв хавчлага, зовиур байсан ч гэлээ хийж бүтээх авьяас чадвар, ирээдүйдээ итгэх итгэл байсан юм. Газа хотын өмнө зүгт байрлах Цагдаагийн хэсгийн урд Израйлын агаарын гэнэтийн довтолгоо хийгдсэн нь тэр хавийг сүйтгээд зогсохгүй, миний хамрыг гэмтээсэн. Миний харж байсан зүйл зөвхөн цагаан, яг л энэ гэрэл шиг зүйл байсан. Бүр хараагүй болчихлоо эсвэл диваажинд байна гэж л бодогдож байлаа. Цаг нь болоход миний нүд нээгдэж, би энэ зургийг дарсан юм. Мохаммед Кадер гэх Израйлд 20 жил ажиллаад тэтгэвэрт гарсан Палестин хүн нутагтаа эргэж ирээд нэг оролдлогоор, хөршийнхөө дэргэд дөрвөн давхар байшин барих төлөвлөгөө гаргаж, биелүүлсэн боловч тэрхүү довтолгооноор байшин нь газартай тэгшлэгдсэн билээ. Түүнд өөрийнх нь тэжээвэр тагтаа болон Тель Авиваас авчирсан Жакуззи угаалгын тэвшээс өөр юу ч үлдээгүй юм. Түүнээс хойш Мохаммед тэвшийг бул чулуун дээр байрлуулаад, хүүхдүүдээ өглөө бүр хөөстэй усанд оруулдаг болсон. Миний ажил бол дайнаас учирсан муу муухайг нуух бус харин Газад болсон нуугдмал үйл явдлуудыг тал бүрээс нь дэлгэх. Палестины эмэгтэй фото-сэтгүүлчийн хувьд ажил, амьдралын төлөөх тэмцэх тэмцэл намайг нийгмийн дарлалаас ангижруулж, дайны ялгаатай тал буюу хор уршгийг олж харах урам зоригийг надад өгсөн юм. Би "замаасаа буц эсвэл зоригтой урагшил" гэсэн сонголтыг биеэрээ мэдэрсэн. Баярлалаа. (Алга ташилт)