Ибупрофен зэрэг өвчин намдаагч эм уусны дараа таны биед ямар өөрчлөлт ордог бол гэж гайхаж байсан уу? Таны залгиж буй эм нь толгойн өвчин, нурууны өвчин, булгарсан шагай зэргийг эмчлэхэд тусалдаг. Гэхдээ тэрхүү эм хүрэх ёстой газраа яаж олж очдог юм бол? Гадны биетийг хөөн, саармагжуулах зорилготой эд эрхтэн болон молекулаас урьтаж үүргээ гүйцэтгэхийн тулд тухайн эм цусны эргэлтийн урсгалд орж, хурдтай тархдаг. Энэхүү процесс хоол боловсруулах системээс эхэлдэг. Жишээлбэл та шагайгаа гэмтээснээс болоод ибупрофен уулаа гэж бодъё. Минутын дотор гэдэсний хүчиллэг шингэн тухайн эмийг задалж эхлэх болно. Задарсан эм маань эхлээд нарийн гэдсээр дараа нь гэдэсний ханаар дамжин судасны тогтолцоонд орно. Эдгээр судсууд нь Венийн судасруу урсаж, Венийн судас нь цус болон түүний доторх бүхий л зүйлсийг элэг рүү зөөнө. Дараагийн алхам нь элгийг даван гарах юм. Цус болон эмийн молекулууд элэгний судсаар дамжих үед ферментүүд ибупрофений молекулуудыг саармагжуулахын тулд урвалд орохыг оролдоно. Урвалд орсон эмийн молекулууд метаболит буюу завсрын бүтээгдэхүүн болж өвчин намдаах нөлөөгөө алдана. Энэ шатанд урвалд ороогүй үлдсэн эмийн молекулууд элгээр бүрэн бүтэн гарч цааш Венийн судсаар дамжин цусны эргэлтийн тогтолцооруу шилжинэ. Эм ууснаас хагас цагийн дараа хэсэг эмийн молекулууд аль хэдийн цусны эргэлтийн урсгалд орсон байдаг. Энэхүү цусны урсгал нь зүрх, тархи, бөөр зэрэг бүхий л эрхтнээр дамжин буцаад элэгрүү очдог. Ибупрофений молекулууд биеийн хамгийн өвчтэй хэсгээр дамжин өнгөрөхдөө тухайн урвалын бай молекулуудад холбогддог. Ибупрофен зэрэг өвчин намдаагч эмүүд нь өвдөлтийн сигнал дамжуулагч бодисын үйлдвэрлэлийг зогсоодог. Эмийн молекулууд цугларч эхэлмэгц өвчин намдаах үйлчилгээ ихсэж, 1- 2 цагийн дотор дээд хэмжээндээ хүрнэ. Үүний дараа бие ибупрофеныг гадагшлуулж эхлэх ба дунджаар хоёр цаг тутамд цусан дахь эмийн хэмжээ хагасаар багасна. Эмийн молекулууд өвчний голомтоос салахад цусны урсгал тэднийг дахин элэг рүү аваачдаг. Элгэн дотор дахин нэг хэсэг эмийн молекулууд метаболит болон хувирч яваандаа бөөрөнд шүүгдэн шээсээр гадагшилна. Элэгнээс бие, биеэс бөөр лүү гэх хөдөлгөөн нь минут тутамд нэг бүтэн цусны эргэлтийн хурдтай өрнөнө. Эргэлт тутамд хэсэг эм шүүгдэн гарна. Энэхүү процесс нь амаар уух ямар ч эмийн хувьд адилхан боловч процесс-ийн хурд болон цусны эргэлтэд орох эмийн хэмжээ нь тухайн эм, хүн, биед хэрхэн орсноос хамааран ондоо байдаг. Эмийн заавар дээр тунгийн хэмжээ байдаг ч тэр нь хүн амын дундаж дээр суурилсан учир хүн бүрийг төлөөлж чадахгүй. Эмийн тохирсон тун гэдэг маш чухал. Хэрэв хэт бага тунгаар уувал, эм нөлөө үзүүлэхгүй. Харин хэт өндөр тунгаар уувал эм болон метаболитууд хордуулах аюултай. Ямар ч эм үүнд хамаарна. Эмийн тунг тааруулахад хамгийн хэцүү бүлэг бол хүүхдүүд юм. Учир нь тэдний эм боловсруулах систем ба бие нь хурдан өөрчлөгддөг. Жишээ нь эм саармагжуулдаг элэгний ферментийн хэмжээ нялх болон бага насанд ихээр хэлбэлздэг байна. Энэ бол олон хүчин зүйлсийн зөвхөн нэг нь юм. Ген, нас, хоолны дэглэм, өвчин, жирэмслэлт хүртэл биеийн эмийн боловсруулалтад нөлөөлдөг. Ирээдүйд ДНХ-ийн тогтмол шинжилгээгээр таны элэгний байдал болон бусад хүчин зүйлсэд таарсан нарийн тунг тохируулдаг болж магадгүй. Гэхдээ тэр хүртэл хамгийн найдвартай арга бол эмийн зааврийг унших, эсвэл эмч болон эмийн санчтай зөвлөлдөх, мөн эмийг зөв цагт зааварлагдсан хэмжээгээр уух явдал юм.