Биднийг чухам юу амьдралын турш эрүүл бас жаргалтай байлгадаг вэ? Хэрвээ та өөрийнхөө ирээдүйд яг одоо хөрөнгө оруулалт хийвэл цаг заваа юунд зориулах байсан бэ? Саяхны нэг судалгаагаар шинэ мянганы залуусаас амьдралынх нь гол зорилгыг асуухад 80 гаруй хувь нь баян болох гэж хариулсан байна. Мөн тэдгээр залуусын 50 хувь нь тэдний өөр нэг чухал зорилго бол алдартай болох гэжээ. (Инээд) Ажилдаа шамд, илүү хичээ, илүү их амжилтанд хүр гэсэн зүйлсийг бид байнга сонсдог. Сайхан амьдрахын тулд эдгээрийн хойноос л явах хэрэгтэй мэт ойлгодог. Хүмүүсийн амьдралыг ерөнхийд нь эсвэл хүмүүсийн хийж буй сонголтыг, улмаар тэдгээр сонголтууд нь хэрхэн цааш өрнөж байгааг тодорхойлно гэдэг бараг л боломжгүй зүйл. Хүмүүсийн амьдралын талаар бид ихэнхдээ өнгөрсөн үеийн дурсамжаас нь мэдэж авдаг. Харин ой санамж хэзээ ч 100 хувь бодит байж чаддаггүй. Бид маш их зүйлийг мартаж, ой санамж маань заримдаа бүр эсрэг тал руугаа бүтээлч болж орхидог. Харин хэрвээ хүмүүсийн амьдралыг цаг хугацаа өнгөрөхийн хирээр хэрхэн өрнөхийг харах боломж олдвол ямар вэ? Хүмүүсийг юу аз жаргалтай болгодгийг мэдэхийн тулд тэднийг өсвөр настайгаас нь эхлээд хөгшрөх хүртэл нь судалбал ямар вэ? Бид яг үүнийг хийсэн. Харвардын Насанд Хүрэгсдийн Хөгжлийн Судалгаа насанд хүрэгчдийн амьдралыг судалсан хамгийн урт судалгаа байх. Бид 75 жилийн турш 724 эрэгтэйн амьдралыг судалсан. Олон жилийн турш тэдний ажил, гэр бүл, эрүүл мэндийн талаар асуулт асууна. Мэдээж энэ бүх хугацаанд тэдний түүх хэрхэн өрнөхийг мэдээ ч үгүй байсан. Энэ төрлийн судалгаа үнэндээ маш ховор л доо. Ихэнх нь арван жилийн дотор бүтэлгүйтдэг. Учир нь ихэнх оролцогчид судалгаанаас гарах, санхүүжилт зогсох, судлаачид нь өөр ажилд сатаарах эсвэл нас барснаар судалгааг цааш үргэлжлүүлэх хүн байхгүй болчихдог. Харин бидний хувьд, аз тохиол, мөн үе үеийн судлаачдын шургуу байдлын ачаар судалгаа маань эдгээрийг даван туулж чадсан. Анхны 724 оролцогчдын 60 орчим нь амьд сэрүүн төдийгүй, судалгаандаа ч оролцсон хэвээр ба 90 гаруй настай болжээ. Харин одоо тэдний 2000 гаруй үр хүүхдийг судалж эхэлж байна. Би энэхүү судалгааны 4 дэх удирдагч. 1938 оноос хойш бид залуусын 2 бүлгийг судалсан. Эхний бүлгийн залуус Харвардын 2-р курсын оюутан байхдаа элссэн. Дэлхийн 2-р дайны үеэр бүгд сургуулиа төгсч, улмаар ихэнх нь дайнд явсан. Харин 2 дахь бүлгийн залуус бол Бостоны хамгийн ядуу хороололд амьдардаг хөвгүүд байсан юм. Эдгээр хөвгүүдийг сонгосон шалтгаан нь тэд 1930-аад оны Бостоны хамгийн асуудалтай, эмзэг бүлгийн гэр бүлүүдээс гаралтай байсанд оршиж байгаа юм. Тэдний ихэнх нь халуун, хүйтэн усгүй нийтийн байранд амьдарч байсан. Тэднийг судалгаанд элсэж ороход бүгдээс нь ярилцлага авсан. Мөн эмнэлгийн үзлэгт ч хамруулсан. Бүр гэрт нь очиж, аав ээжтэй нь хүртэл ярилцлага хийсэн. Ингээд эдгээр хөвгүүд насанд хүрцгээж амьдралын янз бүрийн замаар явцгаасан. Тэд үйлдвэрийн ажилчин, хуульч, тоосго өрөгч, эмч болж, нэг нь АНУ-ын ерөнхийлөгч болсон. Зарим нь архинд донтож, цөөн хэд нь шизофрени өвчтэй болсон. Зарим нь нийгмийн доод давхаргаас хамгийн дээд давхарга хүртэл нь авирч, харин зарим нь яг эсрэг чиглэлээр явсан. Энэхүү судалгааг анх санаачлагчид 75 жилийн дараа намайг энд зогсоод одоог хүртэл энэ судалгаа үргэлжилсээр байгаа тухай ярина гэж зүүдлээ ч үгүй байх. Хоёр жил тутам дайчин, бас тэвчээртэй судлаачид маань оролцогчид руугаа залгаж, тэдний амьдралын талаар дахиад хэдэн асуулт асууж болох эсэхийг лавладаг. Бостоны олон залуус биднээс "Та нар яагаад одоо хүртэл намайг судалсаар байгаа юм бэ? Миний амьдрал тийм сонирхолтой биш шүү дээ." гэж асуудаг. Харин Харвардын оюутнууд хэзээ ч тэгж асуудаггүй. (Инээд) Тэдний амьдралыг дэлгэрэнгүй судлахын тулд зөвхөн асуулга илгээгээд зогсохгүй, зочны өрөөнд нь сууж ярилцлага хийн эмч нараас нь өвчний түүхийг авч, мөн цусны шинжилгээ, тархины зураг авч, хүүхдүүдтэй нь ярилцдаг. Бүр эхнэртэйгээ хамгийн их санаа зовоодог зүйлсээ хуваалцахад нь бичлэг хийдэг. Арваад жилийн өмнө эхнэрүүдээс нь судалгаанд маань оролцож чадах эсэхийг асуухад "Тийм байлгүй дээ, цаг нь болсон доо" гэж билээ. (Инээд) Ингээд бид юу олж мэдэв? Бидний цуглуулсан хэдэн арван мянган хуудас хүмүүсийн амьдралын талаарх мэдээллээс ямар сургамж олж авсан бэ? Тэгэхээр эд хөрөнгө, алдар нэр эсвэл илүү шаргуу ажиллах тухай огт биш. Энэхүү 75 жилийн судалгаанаас харахад нэг л тодорхой зүйл байна. Сайн харилцаа биднийг аз жаргалтай, эрүүл байлгадаг. Ердөө л энэ. Бид харилцааны талаар гурван чухал зүйл мэдэж авсан. Нэгт, нийгмийн харилцаа нь бидэнд маш тустай, харин ганцаардал биднийг үгүй хийдэг. Гэр бүл, найзууд, нийгэмтэйгээ илүү ойр байдаг хүмүүс илүү жаргалтай, эрүүл байж, урт насалдаг нь судалгаагаар тогтоогдсон. Ганцаардал нь хор хөнөөлтэй болох нь ч мөн харагдсан. Бусадтай хүссэн хэмжээндээ холбогдож чаддаггүй, тусгаарлагдмал хүмүүс аз жаргалыг харьцангуй бага мэдэрч, эрүүл мэнд нь дунд наснаас эхлэн эрт муудаж, мөн тархины үйл ажиллагаа нь хурдан муудаж, богино насалдаг. Харамсалтай нь, ямар ч цаг үед 5 америк хүн тутмын 1-ээс илүү нь өөрсдийгөө ганцаардмал гэж үздэг. Олны дунд, гэрлэлтэд ганцаардах тохиолдол байдгийг бид мэднэ. Тэгэхээр 2 дахь чухал зүйл сургамж бол таны хэдэн найзтай байх эсвэл та хэн нэгэнтэй чуxал харилцаатай байх эсэх нь чухал биш, харин таны дотно харилцааны чанар нь л чухал. Зөрчилдөөн дунд амьдрах нь эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. Жишээ нь, хайр сэтгэлгүй, байнгын зөрчилдөөнтэй гэрлэлт нь эрүүл мэндэд салалтаас ч илүү муугаар нөлөөлөх магадлалтай нь ажиглагдсан. Харин халуун дулаан, сайн харилцаатай амьдрах нь биднийг хамгаалдаг. Оролцогчдоо 80 нас өнгөртөл нь судалсныхаа дараа бид тэдний дунд насыг эргэн харж, хэн нь ахмад насандаа эрүүл, жаргалтай, харин хэн эсрэгээрээ байхыг таамаглаж болох эсэхийг мэдэхийг хүссэн юм. Тэгээд тэдний 50 настай үеийн бүх мэдээллийг нь цуглуулж үзэхэд дунд настай үеийнх нь холестерины хэмжээ цаашид тэдний хэрхэн хөгшрөхөд нөлөөлөөгүй. Харин нийгмийн харилцаандаа хэр сэтгэл хангалуун байсан нь нөлөөлсөн. 50 насандаа хамгийн сэтгэл хангалуун харилцаатай байсан хүмүүс 80 насандаа хамгийн эрүүл байсан. Сайн, дотны харилцаа нь биднийг хөгшрөлтийн зарим аюулаас хамгаалдаг байна. Манай хамгийн жаргалтай хосууд маань 80 насандаа хэдийгээр бие эрхтний хувьд зовиуртай байсан ч, сэтгэл санааны хувьд адилхан жаргалтай байдаг гэсэн юм. Харин тааруухан харилцаанд байсан хүмүүс хэлэхдээ, тэдний биеийн зовиурыг сэтгэл санааны зовиур нь улам дордуулдаг гэжээ. Дотно харилцаа болон эрүүл мэндийн талаар бидний олж мэдсэн 3 дахь сургамж нь сайн харилцаа зөвхөн бидний биеийг хамгаалаад зогсохгүй, тархийг ч мөн хамгаалдаг. 80 насандаа өөр хэн нэгэнтэй дотно, сайн харилцаанд байх нь хамгаалалт болдог. Тэд дотно харилцаанд байхдаа хэрэгтэй үед нь өөр хэн нэгэн итгэл даахыг мэдрэх нь ой санамжийг хурц байлгадаг. Харин итгэлцэлгүй харилцаанд байдаг хүмүүсийн хувьд ой санамж нь эрт мууддаг. Гэхдээ сайн харилцаа гэдэг нь саад бэрхшээлтэй учрахгүй гэсэн үг биш. Манай зарим 80 настангууд хоорондоо маргах үе бишгүй гарна. Гэхдээ хэцүү үед үнэхээр нэгэндээ итгэж болохыг мэддэг л бол тэдгээр маргаан ой тогтоолтод огтхон ч нөлөөлөхгүй. Тэгэхээр сайн, дотно харилцаа бидний сайн сайхан, эрүүл мэндэд тустай гэдэг ойлголт бол эртний мэргэн ухаан. Гэтэл яагаад бид үүнийг үл ойшооход ийм амархан юм бол? Учир нь бид бол хүн төрөлхтөн. Бид амар шийдэл, биднийг сайн сайхан чигээр байлгах тийм л зүйлд дуртай. Урт хугацааны харилцаа бол ээдрээтэй, гэр бүл, найз нөхдөө анхаарах нь их ажил шаарддаг, тэгээд ч дур татам, гоёмсог зүйл биш. Мөн биднийг үхэн үхтэл энэ харилцаа дуусах учиргүй. Энэ 75 жилийн судалгаанаас харахад, хамгийн жаргалтай тэтгэврийн насныхан хамтран ажиллагчдаа хамтран тоглогчоор солихоор идэвхтэй ажилласан хүмүүс байсан. Яг л өнөөх судалгаанд оролцсон шинэ мянганы залуус шиг манай судалгааны олон эрчүүд залуу ахуйдаа эд хөрөнгө, алдар нэр, ажлын амжилт зэргийг сайхан амьдралын хэмжүүр гэж итгэцгээж байсан. Гэвч бүхэл бүтэн 75 жилийн энэхүү судалгаагаар хамгийн сайхан амьдарсан хүмүүс бол гэр бүл, найз нөхөд, нийгмийн харилцаандаа илүү анхаарсан хүмүүс гэдэг нь удаа дараа тогтоогдсон. Харин та юу гэж бодож байна? 25, 40 эсвэл 60 настай байна гэж бодъё. Харилцаандаа илүү анхаарна гэж яана гэсэн үг юм бол? Боломжууд нь дуусашгүй олон. Магадгүй зүгээр л дэлгэц ширтэх цагаа хүмүүстэй өнгөрүүлэхэд зориулах, эсвэл хуучирсан харилцаагаа хамтдаа шинэ зүйл хийж сайжруулах, хамтдаа алхах, болзоонд явах, эсвэл удаан яриагүй хамаатан руугаа залгах ч байж болно. Учир нь маш их тохиолддог гэр бүлийн хагарал атаа хорсол санасан нэгэнд хамгийн муугаар нөлөөлдөг. Ингээд би Марк Твейний хэлсэн үгээр яриагаа дуусгая. Зуун жилийн тэртээ, тэрээр амьдралаа эргэж хараад ийнхүү бичжээ. "Амьдрал үнэхээр богинохон. Маргалдах, уучлал гуйх, зүрхээ шархлуулах, буруугаа хүлээхийг шаардах цаг байхгүй. Зөвхөн хүнийг хайрлах хором төдий л цаг бий." Сайхан амьдрал сайн харилцаан дээр тогтдог. Баярлалаа. (Алга ташилт)