Миний хувьд ажлын түгшүүр ихэвчлэн ням гарагийн орой яг нар жаргаж эхлэхэд л тохиолддог. Миний итгэл найдвар болон бодит байдлын хоорондын зай аймшигтайгаар ихсэхэд би дэрэн дээр уйлж үлддэг. Эдгээрийг дурдаж буйн шалтгаан нь би үүнийг зөвхөн хувийн асуудал гэж боддоггүй. Намайг үгүйсгэж болох ч миний бодлоор ажлын түгшүүр, бидний амьдрал болон ажлын төсөөлөл зэрэг нь заналхийлсэн бодит байдалтай холбогдож бидний амьдралыг тогтмол тасалдуулдаг үед бид амьдарч байна. Магадгүй одоо, урьдыг бодвол сайн орлого олох амар болсон. Магадгүй одоо, урьдыг бодвол тайван байж, ажлын хямралаас ангид байх нь хэцүү болсон. Би яг одоо бидний ажлаасаа болж хямардаг хэдэн шалтгааныг ярилцмаар байна. Яагаад бид ажлын хямралын хохирогчид болж, дэрэндээ уйлж байна вэ? Бидний тарчилж байгаа шалтгаануудын нэг нь бид өөдгүй хүмүүсээр хүрээлэгдэж байна. Надад Оксфорд руу гадаадаас ирсэн хүмүүст дуулгах муу мэдээ байна. Гадныхан заримдаа энэ хэнхэг занг зөвхөн Их Британид байдаг, зуслангийн байшин, цол гуншинтай хадагдсан ганц улсад байдаг үзэгдэл гэж боддог. Муу мэдээ нь энэ худал юм. Өөрийгөө хэт дөвийлгөх нь олон улсын үзэгдэл юм. Олон улсын байгууллага адил бүх оронд байдаг асуудал. Тэгэхээр үүгээр би ямар занг хэлж байна вэ? Энэ бол таны талаарх багахан ойлголтоор таныг бүхлээр нь дүгнэдэг хүнийг хэлж байгаа юм. Энэ бол хэнхэг хүмүүс. Орчин үед хамгийн өргөн тархсан хэлбэр нь ажлын байрны хэнхэгнэл. Та үдэшлэгэнд ирээд, хэдхэн минутад ийм хүнтэй таарна. Танаас 21-р зууны алдарт асуулт буюу "Та юу хийдэг вэ?" гэж асуухад таарна. Таны хариултаас хамааран хүмүүс нэг бол таньтай уулзсандаа баярлах болно, эсвэл цагаа хараад яваад өгнө. Хэнхэгүүдийн эсрэг төрлийн хүн бол таны ээж. (Инээд) Заавал таны эсвэл миний ээж биш, харин ээж гэдэг ойлголт буюу таны ололт, амжилтыг сонирхдоггүй нэгэн. Гэвч харамсалтай нь, ихэнх хүмүүс бидний ээж биш. Ихэнх хүмүүс хэр их цаг, эсвэл хайр - романтик хайр биш, хэдийгээр байж болох ч, гэхдээ ерөнхийдөө хайр, хүндлэл бидэнд зориулж чадах нь бидний нийгмийн давхраанд эзлэх байраар тодорхойлогддог. Энэ бол яагаад ажилдаа ингэж их анхаарал хандуулдаг болон материаллаг сонирхол ихсэж эхэлдэгийн шалтгаан. Бид материаллаг үед амьдардаг, бүх хүмүүс шуналтай гэж их ярьдаг. Миний бодлоор бид яг ч материаллаг биш. Миний бодлоор бид материаллаг зүйл худалдан авснаар тодорхой нэг сэтгэлийн ханамж авдаг нийгэмд амьдардаг. Бид тэдгээр эд зүйлсийг хүсээгүй. Бид ханамж авахыг хүсдэг. Энэ нь үнэтэй барааг харах шинэ өнцөг. Дараагийн удаа та Феррари унасан хүн харвал түүнийг шуналтай гэж битгий бодоорой. Оронд нь хайр халамж дутагдсан эмзэг хүн гэж бод. Өөрөөр хэлвэл, (Инээд) (Алга ташилт) атаархахын оронд өрөвд. Бас өөр нэг шалтгаан бий. (Инээд) Бидэнд тайван байх аргагүйд хүргэсэн өөр хүчин зүйлс бий. Тэдний нэг нь эерэг зүйл тул хачин санагдаж магадгүй. Энэ бол бидний ажлын найдвар. Өмнө нь хэзээ ч хүн өөрийн амьдралдаа хийх, бүтээх зүйлдээ ийм их хүлээлттэй байгаагүй. Бидэнд хэн ч, юунд ч хүрч чадна хэмээн тал бүрээс хэлж байна. Бид Анги, давхаргын системээс ангижирсан. Одоо бид хэн ч хүссэн байрандаа хүрж болох үед байна. Энэ бол гайхамшигтай санаа. Тийм тэгш эрхийн үзлээр ерөнхийдөө бид бүгд эн тэнцүү. Яг чанд хатуу тодорхойлсон шатлал байхгүй. Үүнд нэг том асуудал байгаа нь атаархал юм. Атаархал, үүнийг дурдахыг цээрлэдэг ч, хэрвээ орчин үед ноёрхсон мэдрэмж байгаа бол, тэр нь атаархал. Энэ нь тэгш эрхийн санаатай салшгүй холбоотой. Миний бодлоор энд сууж буй, эсвэл энийг үзэж буй хэн нэгэн Английн хатан хаанд атаархдаггүй байх. Хэдийгээр тэр та нарын хэнээс ч илүү баян, бас тэр маш том байшинтай. Бид түүнд атаархдаггүй шалтгаан нь тэр хэтэрхий сонин. Тэр зүгээр л сонин. (Инээд) Бид түүнийг ойлгодоггүй. Тэр инээдтэй ярьдаг. Тэр нэг хачин газраас ирсэн. Иймд бид түүнийг ойлгодоггүй. Та хэн нэгнээс өөр бол түүнд атаархдаггүй. 2 хүний нас, гэр бүл, өөрийгөө олох явц зэрэг нь ижилсэх тусам атаархах аюул ихэснэ. Иймд та нарын хэн нь ч сургуулийн цуглаанд очих хэрэггүй. Учир нь хамт сургуульд явж байсан хүнээс илүү хүчтэй жишиг байхгүй. Гэвч орчин үеийн нийгмийн асуудал нь дэлхийг тэр чигт нь сургууль болгодог. Хүн бүр жийнсэн өмд өмсдөг, хүн бүр ижилхэн. Гэвч яг ижил биш. Тиймээс тэгш эрхийн үзэл нь тэгш бус байдалтай нийлэн маш бачимдмаар нөхцөл бий болгож байна. Одоо цагт та Билл Гейтс шиг баян, алдартай болох нь 17-р зуунд Францын сурвалжит язгууртны эгнээнд нэгдэхтэй ижил боломжгүй байх. Гэхдээ гол нь тийм юм шиг санагддаггүй. Сэтгүүл болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хэрвээ бидэнд эрч хүч, технологийн хэдэн содон санаа, граж байхад (Инээд) та ч гэсэн агуу зүйл эхлүүлж чадна гэдэгт итгүүлж байна. Энэ асуудлын үр дүн нь номын дэлгүүрүүдэд харагдаж байна. Та том номын дэлгүүрийн хувь хүний хөгжлийн хэсэгт очоод, хэвлэгдсэн номнуудыг шинжилж үзвэл тэнд ерөнхийдөө 2 төрлийн ном л бий. Эхний төрөл нь танд хэлнэ: "Та хийж чадна, бүх зүйл боломжтой." Нөгөө төрөл нь бидний нэрлэж заншсанаар "өртөө итгэлгүй байдлыг" эсвэл бүдүүлгээр "өөрийгөө гоочлохыг" хэрхэн ялан дийлэх талаар байдаг. Энд жинхэнэ зохисгүй холбоо оршиж байна. Та бүхнийг хийж чадна гэж хэлдэг нийгэм болон өөртөө итгэлгүй байдлын хооронд тохиромжгүй холбоо байна. Энэ бол нэлээд эерэг зүйл муухай хариутай байж болох нэг жишээ юм. Бид урьдыг бодвол ажил, байр суурийнхаа талаар улам хямардаг болсон бас нэг шалтгаан бий. Энэ бас л сайхан зүйлтэй холбогдсон. Тэр нь меритократ үзэл юм. Хүн болгон, зүүний, барууны бүх улс төрчид меритократ үзлийг агуу зүйл, мөн нийгмийг туйлын меритократ байлгах хэрэгтэй гэдэгт санал нийлдэг. Меритократ нийгэм гэж юу вэ? Меритократ нийгэм нь хэрвээ танд авьяас, эрч хүч, чадвар байгаа бол та оргилд хүрч чадна. Юу ч таныг зогсоох эрхгүй. Энэ бол гайхамшигтай санаа. Гэвч асуудал нь хэрвээ та чадвартай нь оргилд хүрдэг нийгэмд үнэхээр итгэдэг бол та далдаар мөн зохисгүйгээр чадваргүй нь доор үлдэж, тэндээ үлдэх хэрэгтэй гэдэгт итгэж байна. Өөрөөр хэлвэл, таны байр суурь санамсаргүй биш харин таны хүртэх ёстой зүйл мэт санагдана. Энэ нь бүтэлгүйтлийг улам аймшигтай болгоно. Дундад зууны Англид та ядуу хүнтэй таарвал, тэр хүнийг "азгүй" нэгэн гэдэг байсан. Шууд утгаараа, аз заяагдаагүй нэгэн. Азгүй явдал. Орчин үед, ялангуяа АНУ-д, хэрвээ та нийгмийн доод давхрааны хүнтэй таарвал тэр хүнийг "ялагдагч" гэнэ. Азгүй болон ялагдагч хоёрын хооронд жинхэнэ ялгаа оршино. Энэ нь 400 жилийн хөгжлийн явцад бидний амьдралд хэн хариуцлага хүлээдэг болсныг харуулж байна. Тэр нь бурхан биш, бид. Бид жолоочийн суудалд байна. Хэрвээ та сайн яваа бол гайхалтай. Харин үгүй бол аймшигтай. Социологич Эмиль Дюркгеймийн шинжилгээгээр энэ нь амиа хорлолт ихсэхэд ч нөлөөлж болно. Бусад орнуудтай харьцуулахад хөгжилтэй бие даасан орнуудад амиа хорлолт их байдаг. Үүний нэг шалтгаан нь хүмүүс өөрсдөд нь тохиолдсон зүйлийг хэт өөртэйгээ холбон тусгадаг. Тэд амжилт, алдаагаа ганцхан өөрийн хийсэн үйлдлийн үр дүн гэж үздэг. Миний дурдсан эдгээр дарамтуудаас салах арга байна уу? Миний бодлоор бий. Би цөөн хэдийг л дурдмаар байна. Меритократыг аваад үзье. Хүн болгон хүртэх ёстой зүйлээ хүртдэг гэх энэ санаа нь миний бодлоор галзуу санаа, жинхэнэ галзуу. Би меритократын завсрын үзэлтэй зүүний, барууны аль ч улс төрчийг дэмжинэ. Би тийм төрлийн меритократч. Гэхдээ миний бодлоор хэзээ нэгэн цагт төгс меритократ нийгмийг бүтээнэ гэдэгт итгэх бол солиотой хэрэг. Энэ бол бүтэшгүй хүсэл. Бид хүн болгоныг зөв дүгнэж, сайн нь дээр, муу нь доор байх нийгмийг бүтээх нь боломжгүй. Хэтэрхий олон үзүүлэлтүүд байна: гэнэтийн осол, төрөлтийн гэмтэл, хүний толгой дээр юм унах, өвчин гэх мэт. Бид хэзээ ч эдгээрийг дүгнэж чадахгүй. Хэзээ ч хүнийг зохистой дүгнэж чадахгүй. Надад Санкт Августины "Бурхдын хот"-н нэг ишлэл их таалагддаг. Тэрээр, "Хүнийг захиагаар нь дүгнэх нь нүгэл" гэдэг. Орчин үеийн Англи хэлэнд хөрвүүлвэл, "Та ярилцаж буй хүнээ нэрийн хуудсаар нь дүгнэх нь нүгэл юм." Анхаарах ёстой зүйл нь захиа биш юм. Санкт Августины хэлснээр гагцхүү бурхан л бүгдийг зөв дүгнэж чадна. Тэр үүнийгээ Шүүлтийн өдөр сахиусан тэнгэрүүд, бүрээтэй хийх бөгөөд тэнгэр нээгдэнэ. Солиотой санаа. Хэрвээ та над шиг бишрэлгүй бол. Гэвч энэ санаанд нэг чухал зүйл байна. Өөрөөр хэлвэл, хүнийг дүгнэхээ азна. Та заавал хүний мөн чанарыг таних албагүй. Энэ бол хүний үл мэдэгдэх чанаруудын нэг бөгөөд бид мэддэг мэт аашлах нь зохисгүй. Эдгээрт бас нэг тайтгарал, тайвширлын зам бий. Бид амьдралд алдах, бүтэлгүйтэхээс айдгийн нэг шалтгаан нь зөвхөн орлого, нэр хүндээ алдах бус бид бусдын шүүмжлэл, доог тохуу болохоос айдаг. Шүүмжлэл үнэхээр байдаг. Орчин үед доромжлолын тэргүүний хэрэгсэл бол сонин сэтгүүл. 7 хоногийн аль ч өдөр сонин нээвэл, дүүрэн амьдралаа сүйрүүлсэн хүмүүсийн талаар байна. Тэд буруу хүнтэй унтсан. Тэд буруу бодис уусан. Тэд буруу хууль, тогтоомж баталсан. Тэгээд тэд доог тохууны бай болсон. Өөр үгээр, тэд алдсан. Тэднийг "ялагдагчид" гэж тодорхойлсон. Үүнд өөр хувилбар бий юу? Миний бодлоор барууны уламжлал нэг хувилбарыг санал болгодог. Тэр нь эмгэнэл. Эмгэнэлт урлаг нь МЭӨ V зуунд эртний Грекийн театр нь хүмүүсийн амьдралд гаргадаг алдаанууд болон алдсан нэгэндээ үзүүлэх хайр энэрлийн хэлбэрүүдийг үзүүлэх зорилготой байж. Харин бодит амьдралд тэр бүр хайр энэрэл тосч авдаггүй. Хэдэн жилийн өмнө би энийг бодон "Ням гарагийн спорт" сонинтой уулзахаар гарсан. Хэрвээ та энэ сонинтой танил биш бол уншиж эхлэхийг зөвлөмөөргүй байна. Би тэдэнтэй Барууны урлагийн агуу эмгэнэлүүдийг ярилцахаар очсон юм. Хэрвээ зарим өгүүллэгийг ням гаригийн өдөр тавигдах мэдээ болговол тэд өгүүллэгүүдийн гол явдлыг хэрхэн ашиглахыг хармаар байсан юм. Би Отеллог яриж өгөв. Тэд сонсож байгаагүй ч биширсэн. Би тэднээс Отеллод зориулсан мэдээний гарчиг бичихийг хүссэн. "Дурлалд Согтсон Цагаач Сенаторын Охиныг Алав" гэсэн сонины гарчиг олсон. Би тэдэнд Бовари Хатагтайн зохиолыг өгөв. Дахиад л тэд олсон зүйлээ гайхаж байлаа. Тэгээ тэд бичсэн: "Залилангын дараа дэлгүүр хэсэх донтой завхай эмэгтэй хүнцэл залгив." (Инээд) Тэгээд миний дуртай нь. Тэд үнэхээр гоц ухаантай хүмүүс байна лээ. Миний дуртай нь Эдип хаан: "Ээжтэй өнгөрүүлсэн шөнө нүд сохлом байв." (Инээд) (Алга ташилт) Хайр энэрлийн нэг туйл шар мэдээний сонин байхад нөгөө төгсгөлд нь эмгэнэл болон эмгэнэлт урлаг байна. Иймд бид эмгэнэлт урлагт юу болж буйг бага ч гэсэн ойлгох хэрэгтэй гэж би маргах байна. Гамлетийг ялагдагч гэх нь солиотой хэрэг. Хэдийгээр тэр хожигдсон ч, ялагдагч биш. Миний бодлоор энэ бол эмгэнэлт урлагийн бидэнд хүргэх санаа. Ач холбогдол нь ч үүндээ байдаг. Одоогийн нийгэм энэ их хямралыг бий болгосон бас нэг шалтгаан нь энэ нийгэмд хүн биш төв алга. Бид дэлхий дээрх анхны өөрсдөөсөө өөр юуг ч шүтдэггүй нийгэм. Бид өөрсдийгөө дээрд үздэг. Тэгэх ч хэрэгтэй. Бид саран дээр очиж, маш олон гайхалтай зүйлс ч хийсэн. Иймд бид өөрсдийгөө шүтэх хандлагатай. Бидний баатар бол хүн. Энэ бол цоо шинэ байдал. Өмнөх нийгэмүүд үргэлж ямар нэг ер бусын зүйлийг шүтсээр ирсэн: Бурхан, сүнс, байгалийн хүч, ертөнц. Юу ч байсан, ондоо зүйл шүтдэг байсан. Бид энэ заншилаа бага зэрэг алдсан. Миний бодлоор тиймээс бид байгальд татагдах болсон. Эрүүл мэндийнхээ төлөө биш. Хэдийгээр тэгэж хэлдэг ч гэсэн. Харин энэ бол хүний үүрнээс гарах гарц. Энэ бол бидний тэмцэл, жүжгээс гарах гарц. Иймээс бид мөсөн гол, далай руу харж, дэлхийг гаднаас нь төсөөлөх дуртай. Бид хүнээс ангид зүйлстэй холбогдох маш дуртай бөгөөд энэ ч маш чухал. Миний ярьсан зүйл бол ердөө л амжилт ба алдаа. Амжилтын нэг сонирхолтой зүйл нь бид амжилтын утгыг мэддэг гэж боддог. Хэрвээ би танд энэ дэлгэцний ард үнэхээр амжилттай яваа нэгэн бий гэвэл, шууд хэдэн санаа төрнө. Та тэр хүнийг маш их хөрөнгөтэй, нэг салбарт алдартай нэгэн гэж бодно. Миний амжилтын тодорхойлолт... Би амжилтыг их сонирхдог. Би үнэхээр амжилттай байхыг хүсдэг. Би үргэлж боддог: "Яаж илүү амжилттай болох вэ?" Гэхдээ хөгширөх тусам, би "амжилт" гэсэн үгийн утгыг өөрөөр бодох болсон. Миний амжилтын талаар ойлгосон зүйл гэвэл: та бүх зүйлд амжилт гаргаж чадахгүй. Бид ажил, амьдралын тэнцвэрийн гэж байнга ярьдаг. Утгагүй зүйл. Та бүгдийг авч чадахгүй. Тиймээс амжилтын төсөөлөл болгон алдаа, алдагдал гарч байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний бодлоор ямар ч мэргэн хүн амьдрал амжилт олохгүй үе байдаг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Цаашилбал, ихэнхдээ бидний амьдралд гаргах амжилтыг төсөөлөх төсөөлөл бидний өөрсдийн төсөөлөл байдаггүй. Эдгээр төсөөллийг голчлон бусад хүмүүсээс сурсан байдаг. Эрэгтэй хүмүүс голчлон ааваасаа, эмэгтэй хүмүүс ээжээсээ өвлөсөн байдаг. Сэтгэцийн задлан шинжлэл энэ санааг 80 жилийн турш ойлгуулахыг оролдож байна. Хэн ч сайн анхааралтай сонсдоггүй ч, би үүнд итгэдэг. Мөн бид зурагт, сурталчилгаа зэрэгт тусгадаг санаануудыг өөрсдийн төлөөлөл болгодог. Эдгээр нь бид юу хүсдэг, өөрсдийгөө хэрхэн хардгийг тодорхойлдог асар их нөлөөтэй хүчин зүйлс юм. Бид банкны мэргэжил хүндтэй гэж сонсвол олонх нь банкны чиглэлээр явахыг хүсдэг. Банк нэр хүндгүй болоход бидний сонирхол буурдаг. Бид зөвлөгөөнд маш их нээлттэй ханддаг. Миний дэвшүүлж байгаа санаа бол бид амжилтыг тодорхойлох өөрсдийн тодорхойлолтоо орхих бус, харин үнэхээр бидний тодорхойлолт мөн эсэхийг мэдэх хэрэгтэй. Бид өөрсдийн үзэл бодлоо тодорхойлж, өөрсдийн бодол, төсөөллөө өөрсдөө бүтээж, эзэн нь байх хэрэгтэй. Хүссэнээ авч чадахгүй байх муухай ч замынхаа төсгөлд очоод тэгэж их хүсээд байсан зүйл нь өөрийн чинь хүсэл биш байсныг анзаарах бүр ч тоогүй. Би энд дуусгая. Миний тодотгохыг хүсэж буй зүйл бол амжилтанд хүрэх хэрэгтэй, гэхдээ өөрсдийн зарим ер бусын санааг зөвшөөрцгөөе. Өөрсдийн амжилтыг тодорхойлох тодорхойлтоо эргэн харж, үнэхээр бидний төсөөлөл, бодол гэдгийг баттай болгоё. Маш их баярлалаа. (Алга ташилт) Крис Андерсон: Гайхалтай байлаа. Гэхдээ таны бодлоор бид хэрхэн бусдыг "ялагдагч" гэж харах нь таагүй гэдэг ойлголтыг ялагч, ялагдагч аль алин байдаг, хэн нэгэн таны амьдралыг удирдах боломжтой байдаг нийгэмд хэрхэн зохицуулан, хэрэгжүүлэх бэ? Алэйн дэ Боттон: Тйим ээ. Би хожих болон хожигдох нь ердөө л санамсаргүй үйл явц гэдгийг хэлэхийг хүссэн. Одоо үед шударга ёсыг маш ихээр онцолдог болж, улс төрчид ямагт шударга ёсны талаар яриж байна. Би шударга үнэнд итгэдэг ч, байх боломжгүй зүйл гэж бодож байна. Тиймээс бид хийж чадах бүгдийг хийж, үүнд хүргэх бүгдийг хийх хэрэгтэй. Гэхдээ эцсийн эцэст бид нэг зүйлийг мартаж болохгүй. Хэнтэй ч уулзсан, амьдралд юу ч учирсан, ямар нэг цэвэр тохиолдлын зүйл байх л болно. Хүмүүсийг энэ талаар сайтар эргэцүүлээсэй гэж хүсч байна. Эс бөгөөс бачимдмаар болно. КА: Та өөрийн эелдэг, нинжин ажлын гүн ухаанаа хүчтэй эдийн засагтай нэгтгэж чадна гэдэгт итгэж байна уу? Эсвэл чадахгүй гэж бодож байна уу? Үүнийг тэгэж их тодотгосон ч хамаагүй юу? АБ: Хүмүүсийн бүтээмжийг өсгөх хамгийн сайн арга бол тэднийг айлгах гэдэг бол жинхэнэ аймшигтай бодол. Мөн орчин нөхцөл хүнд байх тусам хүмүүс тэдий чинээ хичээнэ гэж бодох ч мөн адил. Таны бодлоор төгс аав гэж хэн бэ? Төгс аав бол хатуу ч гэсэн эелдэг нэгэн. Ийм хүн байх огт амархан биш. Бидэнд нийгмийн үлгэр жишээ дүр шиг 2 туйлаас зайлс хийдэг эцэг хэрэгтэй. Нэг талд нь чанга хатуу, ёс журамыг баримтлагч. Нөгөө талд нь зөөлөн, дэг журамгүй нэгэн. КА: Алайн дэ Боттон. АБ: Маш их баярлалаа. (Алга ташилт)