Компьютерийн хамгийн сайн хийж чаддаг зүйлүүдийн нэг бол зааврыг олон удаа давтах. Хүн нэг үйлдлээ олон дахин хийхээрээ уйддаг шүү дээ. Харин компьютер нэг үйлдлийг сая удаа, бүр тэрбум удаа хийсэн ч залхалгүй, ажлаа маш сайн гүйцэтгэдэг. Жишээ нь би Фэйсбүүкийн бүх хэрэглэгчдэд "Төрсөн өдрийн мэнд хүргэе" гэдэг и-мэйл явуулахаар болвол хүн бүр рүү и-мэйл бичихийн тулд зуун жилийг ч зарцуулж магадгүй юм. Харин хэдхэн мөр код бичснээр системээс Фэйсбүүкийн бүх хэрэглэгчид рүү мэндчилгээ хялбархан явуулж болно. Иймд л давталт гэдэг зүйл код бичихэд маш чухал ба компьютер аливаа үйлдлээ давтахдаа маш сайн. Энэ жишээн дээр таны зорилго бол шувууг нисгэж, гахайг онох. Одоо бүгдээрээ "давталт" блокийг ашиглан энэхүү үйлдлийг маш амархнаар хэрхэн хийхийг сурцгаая. Та шувууг гахай руу дөхүүлэхийн тулд "урагшаа хөдөл" зааврыг таван удаа өгч, бага багаар байд ойртож болно. Эсвэл та компьютерт нэгхэн удаа "Урагш хөдөл" гэдэг заавар өгчихөөд "Энэ үйлдлийг 5-н удаа давт" гэхэд ижил үр дүнд хүрнэ. Ингэхийн тулд "Урагш хөдөл" зааврыг "Давталт" гэдэг операторын дотор хийхэд хангалттай. "Давталт" блок дээрээ дараад, хэдэн удаа үйлдлээ давтахыг оруулна. Нэг зүйл сануулахад, "Давталт" зааврын дор хэдэн ч өөр заавар өгөх боломжтой. Энэ жишээн дээр "Урагш хөдөл" болон "Зүүн тийш эргэ" үйлдлийг 5-н удаа хийхээр бичсэн байна. Сайн ажиллаа, сураад байгаарай!